
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссоос залуучуудын хөгжлийг дэмжих вэб сайтыг Азийн гурван оронд ажиллуулахаар болсны нэгэнд Монголыг оруулжээ. Филиппин, Шриланка, Монголд хэрэгжүүлэх энэ сайтад 100 гаруй улс орнууд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр явуулсан өөрийн сайн туршлагуудыг, хэрэгжүүлэх арга барилын талаар мэдээллийг байршуулах юм. Тэндээс өөрийн орны нөхцөлд тохирохыг авч хэрэгжүүлэх боломжтой аж. НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага хамтран “Залуучуудын бодлогын арга хэрэгсэл портал сайтын хэрэглээ”-г Монголд нэвтрүүлэх үндэсний семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү семинарт НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын мэргэжилтнүүд оролцож, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, залуучуудын төлөөлөл оролцож байгаа юм.
Тус комиссын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати: Энэ портал сайтын хэрэглэгчдийг бодлого боловсруулагчид, залуучуудын байгууллага, залуучууд гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж байгаа. Ийм сайттай болсноор эхний үр дүн нь залуучуудын байгууллага залуусынхаа төлөөлөл болж ажилладаг, улсын хэмжээний байгууллагууд болон Азийн бусад орнуудтай хамтарч, мэдээ, мэдээллээ солилцох орчин бүрдэнэ. Вэб сайт арваннэгдүгээр сард Бангкокт албан ёсны нээлтээ хийнэ. Үүний дараа ирэх арванхоёрдугаар сард Монголд нээлтээ хийх юм. Хоёрдугаарт, залуучууд бодлого боловсруулагчидтай шууд харилцах боломж бүрдэнэ. Мөн бодлого боловсруулагчдад зориулсан хэсэг бий. Вэбсайтын энэ хэсгүүд хөдөлмөр эрхлэлттэй шууд холбогдоно. Залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн сургалтууд явуулна. 21 аймаг, есөн дүүргийн салбарын ажилтнууд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд хамтарч өнөөдрийн хэлэлцүүлэг туршилтын арга хэмжээг зохион байгуулж байна.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж: Энэ гурван улсад портал сайт байгуулж, залуучууд, залуучуудын төлөө үйл ажиллагааг иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагуудын гурвалсан холбоог сайжруулах, мөн 100 гаруй улс орнуудын энэ талаарх сайн туршлагуудаас суралцах боломжтой. Энэ туршлагуудаас тухайн улс орнууд өөрийн нөхцөлд тохирохыг хэрэгжүүлэх боломжтой юм. Манай улсад их сургуулиа төгсөөд ажилд орж байгаа залуучуудын дундаж хугацаа 2.6- 2.9 жил байна. Ийм портал сайтыг ажиллуулж, залуучуудын ажлын байраар хангах чиглэлийн мэдээлэл сургалтуудыг явуулснаар залуусын ажилд орох хугацааг богиносгох зорилготой юм.