
Сошиалаар цацагдсан нэгэн эх, охин хоёр ТҮК-ийн ажилтныг зодож байгаа бичлэг олон нийтийг багагүй бухимдуулсан. Тус бичлэгийг үзсэн олон нийт эх, охин хоёрыг багагүй шүүмжилж, хуулиар хатуу хариуцлага хүлээх ёстой хэмээн ярьцгааж байна. Болсон үйл явдлын тухай товч дурдвал, автобусны зогсоол дээр машинаа тавьсан жолоочид Хот тохижилтын газрын ажилтан Э журмын дагуу шаардлага тавьсан аж. Гэтэл иргэн Б тус шаардлагыг биелүүлээгүйгээр зогсохгүй Э-г доромжилж, улмаар зодсон гэнэ. Энэ тухайгаа ажилтан Э "Би тус зогсоолд машинаа тавьж болохгүй хэмээн шаардлага тавьсан. Тэгэхдээ машиных нь толийг шүргээд өнгөрсөн. Гэтэл машинаасаа бууж ирээд миний шүүрийг булаацалдаад, чулуугаар тархи толгойг минь хагална гэж сүрдүүлсэн" гэсэн бол иргэн Б "Бичлэг болсон үйл явдлыг бүрэн харуулаагүй. Анх намайг шүүрээрээ цохьсон учир биеэ хамгаалахаар тэмцсэн. Бичлэг зөвхөн нэг талыг барьсан учир гомдолтой байна. Хууль шүүхийн байгууллагад хандана" гэсэн юм.
Тэгвэл уг бичлэгийн талаар олон нийт ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.
Иргэн А: Угаасаа шүүрнээс нь зуураад тархи толгойгүй нүдэж байхыг нь бүх хүн л харсан шүү дээ. Би хэргийн газар байгаагүй ч бичлэг харахад л увайгүй бүдүүлэг хүн байгааг нь мэдсэн. Охин нь ч гэсэн аав шигээ хүнд яаж гар хүрч чаддаг байнаа. Манайхан эх хүн, эмэгтэй хүн гэхээр л бүх хууль хяналтын байгууллага зөөлөн хандах ёстой юм шиг аашиглдаг. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой.
Иргэн Ж: Хажууд нь хараад зогсож байсан хүмүүс ч хэлж байсныг нь сонссон юм байна. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, харааж зүхэж байсан гэсэн. Тэглээ ч бичлэг нь ямар ч ухаан муутай хүн харсан ойлгомжтой байсан. ТҮК-ийн ах явах гэсэн чинь бүр хойноос нь зуурчихаад тавихгүй байна лээ.
Иргэн Б: Яг хажууд нь зогсоод хараагүй болохоор мэдэхгүй байна. Тиймээс манай улсад хяналтын бүрэн системийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэж байж л хэн буруутай, хэний зөв гэдэг нь тодорхой болно.
Иргэн С: Хэнийх нь ч буруу байсан хоёр хүн нийлээд нэг хүн рүү дайрч байгаа нь үнэхээр муухай харагдсан. Тэр тусмаа эмэгтэй хүн шүү. Хэрэв үнэхээр ТҮК-ийн ажилтан эхэлж цохьсон бол хүлээцтэй хандаж байгаад цагдаа, хуулийн байгууллагад өгч болох л байсан.