
АСЕМ-ыг Монголдоо амжилттай зохион байгуулсны дараа бид дэлхийн анхаарлын төвд дахин ороход бэлэн болжээ. Тодруулбал, JCI байгууллагын санаачилгаар манай улсад энэ сарын 8-11-нд Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалт болох юм. Уг чуулганд оролцохоор дэлхийн 51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуу Монголд ирсэн тухай өчигдөр мэдээллээ.
Түүнчлэн JCI байгууллагын дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенаторуудаас гадна JCI-д гишүүнчлэлтэй олон улсын ТББ-ууд чуулганд оролцох юм байна. “Жэй Си Ай 2017 АСПАК” чуулганы үеэр хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, мэтгэлцээн, бизнесийн үзэсгэлэн худалдаа, орон орны залуусын онцлогийг харуулсан үдэшлэг зэрэг 84 төрлийн арга хэмжээ болохоос гадна залуусыг өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хэрхэн хийх, хаана ямар бизнесийн боломж байгааг олж харах, мэдээлэл технологийн салбарт бусадтай яаж хамтран ажиллах вэ гэсэн 27 сэдвээр сургалтад хамруулан JCI-ын сургалтын байгууллагаас сертификат олгох аж.
Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн асуудлаар форум, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв гэнэ. Тодруулбал, “Улаанбаатар хотын ногоон хөгжил”, “Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа”-г ярилцах юм байна. Дашрамд тус чуулганы дүнд манай улсад 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх төлөвтэй байгаа аж.