
Хуучнаар Гааль, татварын ерөнхий газрын Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын хяналтын байцаагч нарт холбогдох хээл хахуулийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрвөн өдөр хэлэлцэж байж энэ сарын 6-ны 22.00 цагийн үед шийдвэрээ танилцууллаа. Энэ хэрэгт 36 хүн холбогдсон бөгөөд тэдний найм нь гаалийн байцаагчаар ажиллаж байжээ.
Тэд гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалт зохих ёсоор хийлгүй, богино хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь, хэмжээг бууруулахаар амлан, БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачсан бараанд төлбөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, хээл хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Анхан шатны шүүхээс гаалийн байцаагч Ө-г цагаатгасан бол, Б.Цэен тэргүүтэй долоон байцаагчийг хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцов.
Улмаар тус бүрээс нь гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, нэг жил тэнсэн харгалзах, таван жил нэг сараас зургаан жил зургаан сар хорих ял оноолоо. Хахууль өгсөн, өгөхийг зохион байгуулсан зургаан хүнд гурван жил таван сараас гурван жил долоон сар хорих ял оноосон бол бусад 19 хүнд нэг жил зургаан сарын хорих ял ногдуулан, түүнийгээ нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзахаар боллоо. Харин хахууль өгсөн нэг хүнд оноосон нэг жил зургаан сарын хорих ялыг хойшлуулсан бол өөр нэг хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.