
Анагаахын салбарын хөгжлийг нэг алхам урагшлуулсан, чухал үйл явдал өчигдөр тохиов. Японы РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх профессор Д.Нямбаяр төрөлх сургуулийнхаа Дархлаа судлалын тэнхимд эс тоолдог аппарат бэлэглэлээ.
ХБНГУ-д үйлдвэрлэсэн, “Урсгал эс тооцоолуур” нэртэй эл аппарат нь хамгийн сүүлийн үеийн, дэвшилт технологиудын нэг гэнэ. Эмчилгээ, оношилгоо сайтай, дэлхийн хөгжингүй орнуудад ч ийм аппарат ховор аж. Тэгвэл манай улс энэ дэвшилт технологийг ашигладаг цөөн орны нэг болох нь.

Бид “Миний биеийн эсэргүүцэл суларлаа, дархлаагаа сайжруулмаар байна” гэж ярьдаг ч дархлааны эс нь яг ямар түвшинд байгаа, тэдгээрийн хэчнээн нь “амьд” буйг төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэхүү тооцоолуурын тусламжтайгаар дархлааны олон янзын эсийг тоолж, хянах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, эл аппарат нь өвчтөний биеийн байдлыг тандаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа хүнд мэс заслын дараа өвчтөний дархлаа хэвийн байгаа, эсэхийг хянаж, мэдээлэх ач тустай.
Эс тоолох аппарат нь гурван лазертай бөгөөд үүнээс ойсон туяа цусан дахь дархлааны эсүүдийг ялгаж, танин, тоолоход тусалдаг юм байна. АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш нар “Ийм технологи Монголд нэвтрүүлснээр эмчилгээ, оношилгоо төдийгүй судалгаа шинжилгээний түвшинд ахиц гарна. Манай сургууль дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж, технологиудыг өргөнөөр нэвтрүүлж байгаа ч хамгийн дэвшилттэй нь энэ аппарат” хэмээн ам сайтай байв.
Дархлаа судлаач Д.Нямбаяр “АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар мөн дархлаа судлаач. Бид “Эс тоолох аппаратыг эх орондоо нэвтрүүлэх юм сан” гэж олон жилийн өмнөөс ярьж, мөрөөдсөнөө биелүүллээ. Би хавдрын эмчилгээнд дархлааны эс ашиглан, анагаах чиглэлээр сүүлийн 16 жил Японд судалгаа хийсэн. Ирэх оны дөрөвдүгээр сард судалгааныхаа дагуу эмчилгээ хийж эхлэх юм. Үүнийхээ бэлтгэлийг базаан ийм аппарат суурилууллаа. Өөрөөр хэлбэл, энэ аппаратаар эмчилгээнийхээ үр дүнг хянана” гэж ярив.