
Улаанбаатар хотноо өнгөрсөн өдрүүдэд дэлхийн 51 орны манлайлагч, бизнес эрхлэгч 3500 гаруй залуу цуглан, Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган “2017 JCI ASPAC”-т оролцлоо. АСЕМ-аас хойш манай оронд ийм тооны гадаадын зочин төлөөлөгч ирж буй анхны тохиолдол энэ болов. Энэ сарын 8-11-нд зохион байгуулсан уг чуулганы эхний арга хэмжээ буюу “Ерөнхийлөгчдийн уулзалт”-ыг JCI байгууллагын ерөнхийлөгч Даун Хетзел нээсэн юм.
Энэ үеэр JCI-ын гишүүн улсуудын хэрэгжүүлсэн сайн туршлагыг дурдсаны нэг нь “JCI Монгол” байгууллагын санаачлан, бусад оронтой хамтарсан “JCI Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” төсөл болохыг онцлон тэмдэглэсэн. Өчигдөр буюу чуулганы сүүлчийн өдөр Японы JCI байгууллагын ерөнхийлөгч уг төсөлд гурван сая иенийн хөрөнгө оруулж буйгаа дуулгав.
“2017 JCI ASPAC” чуулганы үеэр хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, мэтгэлцээн, бизнесийн үзэсгэлэн худалдаа, орон орны залуусын онцлогийг харуулсан үдэшлэг гэх мэт 84 арга хэмжээ зохион байгуулсан юм. Мөн залуусыг өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хэрхэн хийх, хаана ямар бизнесийн боломж байгааг олж харах, мэдээлэл технологийн салбарт бусадтай яаж хамтран ажиллах вэ зэрэг 27 сэдвээр сургалтад хамруулан, JCI-ын сургалтын байгууллагаас сертификат олголоо.
Түүнчлэн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн асуудлаар форум, хэлэлцүүлэг зохион байгуулснаас хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв байв. Тодруулбал, “Улаанбаатар хотын ногоон хөгжил”, “Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа вэ” гэсэн сэдэвт уулзалтыг “JCI Монгол” байгууллагаас санаачлан зохион байгуулж, дэлхийн залуу манлайлагчид энэ талаар ярилцсан юм. Эцэст нь JCI-ын шилдэг салбар, шилдэг улс, шилдэг ерөнхийлөгч, шилдэг төслүүд гэх мэт номинацаар шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардуулснаар чуулганы албан ёсны арга хэмжээ өндөрлөсөн.
“Нийгмийн үүрэг хариуцлагатай шилдэг төсөл”-өөр “JCI Улаанбаатар” салбар байгууллагын нялхсын эндэгдлийг бууруулах зорилгоор ЭХЭМҮТ-д хэрэгжүүлсэн төсөл шалгарлаа. Түүнчлэн эл байгууллагын “Хотын шийдэл” төсөл мөн “Шилдэг нийгмийн хариуцлагатай төсөл”-өөр шалгарсан бол “JCI Impact Mongolia” 2017 оны шилдэг залуу салбараар тодорлоо.
Бөмбөрцөг даяар 200 гаруй мянган идэвхтэн гишүүнтэй (18-40 насны) уг байгууллага бүсийн чуулганаа жил бүр дэлхийн дөрвөн бүсэд зохион байгуулдаг бөгөөд Ази-Номхон далайн арга хэмжээг анх удаа Монгол Улсад зохиосон. Тэгэхдээ мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсныг зочид төлөөлөгчид хэлж байв. Энэ нь манай улсад олон талын үр өгөөжтэйг албаны хүмүүс онцолж байв.
Тухайлбал, тус чуулганд оролцохоор ирсэн залуусын зочид буудал, унаа, хоолны мөнгө болон аялал зугаалга, бэлэг дурсгалын зүйл авах гэх мэт зардлыг тооцоход манай улсад 15 сая ам.доллар орж ирсэн гэх таамаг байна.