
Мөрдөн байцаах албаны Залилах, хөрөнгө завших гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст орон нутгийн нэг иргэн гомдол гаргаж, хохирлыг нь барагдуулж өгөхийг хүсчээ. Тэрбээр фэйсбүүк хуудсаар гадаадын иргэнтэй танилцаж, улмаар 70 орчим сая төгрөгөө залилуулсан байна.
Залилагч эмэгтэй түүнд “Жилийн хоёр хувийн хүүтэй, 10-70 мянган еврогийн зээлд хамруулж, орон сууцтай болгож өгнө” хэмээн худал танилцуулга явуулж, нэг удаа ашиглах дансаараа эл мөнгийг шилжүүлэн авсан аж. Тиймээс тухайн этгээд аль улсын иргэн болохыг нь тогтоох боломжгүй байгаа гэнэ.
Энэ мэт сошиалаар танилцаж, бусдад залилуулан онц их хэмжээний хохирол амссан хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Цахим орчинд залилан хийдэг хүнийг аль улсын иргэн болохыг тогтоох боломжгүйн дээр Интерполын шугамаар ирсэн мэдээлэл хангалтгүй байдаг учир хохирлыг барагдуулах боломж бараг байдаггүй гэнэ.
Түүнчлэн манай улсад гэмт этгээдийг авчран шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй учир иргэдийг хэн нь мэдэгдэхгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлэв.