
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд цалингийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд тодорхой зохицуулах асуудлыг уялдаа холбоотойгоор шийдэхээр ажиллаж буйгаа хэлсэн.
Тэрбээр “Ажилгүйдэл их байгаа нь хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйгээс болдог. Тиймээс энэ хоёр асуудлыг онцлон анхаарч байна. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн хуулийг шинэчлэн найруулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан, малчид, залуусын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх хөтөлбөр эхэлсэн”гэв.
Дашрамд, энэ оны эхний хагас жил 16.400 хүнийг түр болон байнгын ажилд оруулжээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгож эхэлсэн байна.