
Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй.
Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа ес дэхийг хүргэж байна.
2017.06.11-ний ням гариг. Энэ сарын 16-нд БНСУ-ыг зорьж, хагалгаанд орох гэж байгаа учраас М.Номин-Эрдэнэ, түүний ээж Д.Мөнхчимэг хоёрт бэлдэх зүйл их байх нь дамжиггүй. Тэд өдөржин гадуур явж, энэ тэрийг эмхлүүлсээр нэлээд оройхон харьсан тул бид ч тэр үед нь амдаж гэрт нь очлоо. “Дархан-Уул аймгаас манай эгч ирж байгаа гэнэ. Тиймээс бид хоёр орж ирэнгүүтээ хоол унд бэлдэх гээд сууж байна” гэсээр Д.Мөнхчимэг эгч биднийг угтав.
Том охин М.Анхцэцэг нь Төрхурахын аманд хүндийг өргөлтийн холбооныхонтойгоо уулын бэлтгэлд гарсан бол хоёр бага нь Сэлэнгэ аймгийн Ерөөд байдаг нагац өвөө, эмээгийндээ очсон гэнэ. “Өнгөрсөн пүрэв гаригт бид нар Ерөө рүү явж, М.Оюу-Эрдэнэ, М.Эрдэнэбат хоёрыг хөгшчүүлийндээ үлдээлээ. Номиогийн хагалгааны нөхцөл байдлаас шалтгаалаад, бид Солонгост сар гаруй ч болж магадгүй юм билээ.
Анхаа бэлтгэл сургуулилалт гээд ийш тийшээ явчихаар тэр хооронд хоёр дүү нь хэцүүдэх болов уу гэж бодсон юм” хэмээн ээж нь хуучлав. Эр нөхөр нь хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй гэргийд энэ мэтээр нааш цааш нь зохицуулах зүйл, ар гэрийн асуудал мундахгүй их ажээ.
Номиогоос сая очиход нь өвөө, эмээ нь охиндоо юу гэж захиад үдсэнийг асуухад “Хурдан эмчлүүлээд, эрүүл сайхан болоод ирээрэй. Ирэхэд нь өвөө, эмээ нь онгоцны буудалд очиж тосно гэсэн” хэмээгээд инээв.

СЭТГЭЛ ОНГОЙСОН ӨДРҮҮД
Амьдрал тааварлахын аргагүй гэдэг. Нөгөөтэйгүүр, уулзах ёстой хүмүүсийг хувь тавилан яаж ийгээд уулзуулдаг гэдэг ч ортой юм шиг ээ. Одоогоос гурван сарын өмнө “Аавын эзгүйд” реалити сурвалжилгыг анх эхлэхдээ гурван айлаас сонгох хэрэгтэй болоход яагаад ч юм Ч.Мөнхжанцан гэдэг нэрийг онцолж билээ.
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаагийн гэрт очсон хойноо л оюутны болон залуучуудын дэлхийн аварга, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн аавынх гэдгийг нь мэдсэн юм. Гурван охин, ганц хүүтэй, удам дамжсан цэргийн гэр бүлтэй анх танилцсан түүх минь ийм...
Ч.Мөнхжанцан дэд хурандааг Афганистан улсыг зорьсноос хойших хоёр сар гаруйн хугацаанд эдний гэр бүлд нэгэн баярт явдал тохиосон нь дунд охин М.Номин-Эрдэнэ нь БНСУ-д эмчлүүлэхээр болсон билээ. Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч охин өнгөрсөн намар сургууль дээрээ ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж түлэгдсэн (III зэргийн түлэгдэлттэй) тул гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай байгаа тухай бид цуврал сурвалжилгынхаа явцад нийтэлсэн.
Гэтэл хоёр хоногийн дараагаас эхлэн олон нийт цахим ертөнцөөр давалгаалан, эх орноо, элгэн саднаа ямар ч мөнгөөр арилжаагүй М.Анхцэцэгийн дүүд туслахаар халуун сэтгэлээр нэгдсэн юм. Хүндийг өргөлтийн спортоор олимпын анхны аварга болоод, Монголынхоо далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх цорын ганц мөрөөдөлтэй Анхаагийн эх орноо гэсэн халуун сэтгэлийнх нь хариуг монголчууд ийн барьсан гэхэд болно.
Ердөө гурав хоногийн дараа түүний хайртай дүү ээжийнхээ хамт Солонгосыг зорьж, “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдлийн дараах арьс нөхөх хагалгаанд орно. Есөн сар шахам түлэнхийн шарх сорвиндоо шаналсан охин нь хүсэн хүлээсэн эмчилгээндээ явахаар болсныг дуулаад, дэлхийн халуун цэгт энхийг сахиулж буй аав туйлаас их баяртай байгаа нь мэдээж.
М.Номин-Эрдэнийн хагалгааны зардал болох 65 сая төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж, хамт олны хандив тусламжаар бүрдүүлэх зорилготой 3000 төгрөгийн аян анх эхэлж байхад л тэрбээр “Охины минь эмчилгээний зардлыг бүтээхээр хандивын аян эхлүүлсэн та бүхэнд маш их баярлаж байгаа шүү. Сайхан сэтгэлээр эхлүүлсэн ажил нь заавал үр дүнд хүрнэ гэдэгт ах нь итгэж байна” хэмээн фэйсбүүкээр зурвас бичиж байв.
Үнэндээ тэр үед бид ч битүүхэн айдастай байсан бөгөөд “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аяны хүрээнд 14 хоногийн дотор 70 сая төгрөг цуглуулж чадна гэж бодоогүй билээ. Тиймээс өдгөө хаана хаанаа сэтгэл уужирч, онгойсон энэ өдрүүдэд талархлын үгсийг зөв сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй, монгол түмний бахархалт тамирчин охиныг төрүүлж, өсгөсөн аав, ээжид нь мөн хаяглах учиртай болов уу.
“ЭМҮЖИН ЭГЧИЙН БЭЛЭГЛЭСЭН НОМУУДЫГ ЭМНЭЛЭГТ УНШИНА”
Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчууд ээж, охин хоёрыг хэзээ очихыг нь асууж сураглан, “Манайд байж болно шүү”, “Ирээд заавал холбоо бариарай”, “Ямар эмнэлэгт хэвтэх билээ” гэх мэтчилэн элдэв асуултаар “булж” байгаа гэнэ. Ямар сайндаа л Д.Мөнхчимэг эгч “Бид хоёрыг бараг л газар гишгүүлэхгүй, айхтар том одод шиг угтаж авах бололтой юм дуулдаад байгаа” хэмээн хошигносон.
Энд хандивын аян өрнөж байхад тэндээс Анхаагийн зурагтай футболка, аягыг худалдаж авъя гээд мөнгөө урьдчилан шилжүүлсэн хүмүүсийн захиасыг тээшиндээ авч явах даалгавар ээж, охин хоёрт ногджээ. Ямартай ч футболка, аяга нэмж захиалгаар хэвлүүлэх, өнөөхөө очиж авах гэх мэт ажлын ард тэд гарсан гэнэ.
М.Номин-Эрдэнийг ном унших дуртайг мэдэх учраас энэ удаа тээшиндээ ямар “ачаа” чирж явах гэж буйг нь асуухад “Яруу найрагч Р.Эмүжин эгчийн бэлэглэсэн дөрвөн номыг авч явж, эмнэлэгт уншина” гэлээ. Сая хандивын аяны үеэр яруу найрагч Р.Эмүжин түүнд сэтгэлээрээ том тус хүргэсэн бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүртэл Анхааг зорин очиж, дүүд нь номоо бэлэглэсэн юм.
Хүний нутагт хагалгаанд орж, олон хоног танихгүй хүмүүсийн дунд эмнэлэгт байна гэхээс битүүхэн эмээж буй охинд найрагчийн сэтгэлээсээ өгсөн бэлэг хань болж, сэтгэлийг нь давхар анагаах биз ээ.