
Ази, Америк, Европын 57 орныг эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Аудитын хорооны гишүүнээр монгол хүн томилогдсон сайхан мэдээ байна. Энэ сарын 1-нд үүрэгт ажилдаа орсон Бадамдоржийн Батбаяр албаа гурван жилийн хугацаатай хаших аж. Бизнесийн удирдлагын ухааны доктор тэрбээр 1998-2014 онд Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байжээ.
ЕАБХАБ-аас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэжлийн өндөр шаардлага, шалгалтыг давж томилогдсон түүнд амжилт хүсье. ЕАБХАБ-ын Аудитын хороо 2004 онд байгуулагдсан аж. Тус байгууллагын бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэгтэй юм байна.
Үүнээс гадна Дарьсүрэнгийн Амарсанаа хэмээх өөр нэгэн монгол хүн тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанд жендерийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр өнгөрсөн гуравдугаар сараас ажиллаж буй аж.
Монгол Улс ЕАБХАБ-д 10 гаруй жил ажиглагчийн статустай явж, 2012 онд жинхэнэ гишүүн болсон түүхтэй аж. Ингэснээр Зүүн Азийн бүс нутгаас анхны гишүүн орон нь болсон байна.
Дашрамд, дэлхийн II дайны дараа 30 гаруй жил үргэлжилсэн хүйтэн дайны төгсгөлөөр зэвсэгт мөргөлдөөн, хямралаас сэргийлэх, эв зүйгээр зохицуулах зорилгоор байгуулсан ЕАБХАБ зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна хүний эрх, ардчилал, сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцдэг юм байна.