
Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба, түүний танил О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга нарт холбогдох авлигын хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэв. Гэвч Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын өмгөөлөгчид өвчний улмаас ирээгүй тул шүүгдэгч нарын хүсэлтээр хурлыг энэ сарын 22-ны 09.00 хүртэл хойшлууллаа.
Г.Шийлэгдамбыг “Цахим эрүүл мэнд” төслийн суурь баазыг бүрдүүлэх гүйцэтгэгч компанийг шалгаруулахдаа авлига авч, байгуулагдаад удаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан хэмээн буруутгаж буй. АТГ-ын мөрдөн байцаагчид түүний албан өрөөнөөс авлигад авсан мөнгийг нь хураасан байдаг. Мөн Г.Ганчимэгийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсныг нь ч тогтоосон тухай мэдээлж байв.
Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн 268.2-т заасны дагуу “...хясан боогдуулах замаар, эсвэл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсвэл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээр хэрэг үүсгээд буй. Харин О.Даваасүрэн, Э.Гантулга нарт эл хуулийн 269.1-т “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу шүүж буй юм.
Мөрдөн байцаалтын явцад Г.Шийлэгдамба албан өрөөндөө хадгалж байсан мөнгийг “Танилаасаа зээлсэн. Намынхаа санхүүжилтэд зориулах зорилготой байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгвэл тэрбээр өчигдөр “Өмгөөлөгч маань өвчний улмаас энэ удаагийн хуралд оролцох боломжгүй болсонд харамсаж байна. Миний хувьд өөрт тохсон хэргийн үнэн, худлыг шүүхээр даруй тогтоолгох хүсэлтэй байна” гэв.
Прокурорын яллах дүгнэлтээр Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нар шүүхээс 5-8 жил хорих ял авч магадгүй аж. Харин О.Даваасүрэн, Э.Гантулга нар мөнгөн торгууль төлж, ял тэнсэх магадлал өндөр байгаа гэнэ. Энэ талаар шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас тодруулахад “Нийгэмд тархсан шиг 500 сая төгрөгийн авлига өгч, авалцаагүй.
Нийтдээ 160 мянган ам.долларын өгөө, аваа бий. Миний үйлчлүүлэгч Г.Шийлэгдамбатай дотно танил. Түүний ааваас зээлсэн мөнгөө л эргүүлж өгсөн. Мөнгө зээлэхдээ дансаар шилжүүлж авсан баримт нь бий. Тиймээс шүүхээс хорих биш, тэнсэх ял сонсох болов уу” гэлээ.