
Английн Лондон хотод 27 давхар Гренфелл Тоуэр шатаж, 200 гаруй гал сөнөөгч унтраахаар ид ажиллаж байна. Одоогоор хохирогчдын хэмжээг тодорхойлоогүй байгаа ч цөөнгүй хүмүүс цонхоор үсэрч, гэмтсэн нь тодорхой болжээ. Түүнчлэн утааны улмаас хотын иргэд хордож байгаа гэнэ.

Галыг нисдэг тэрэг бүхий 40 гаруй техникийн тусламжтайгаар унтраахаар хичээж буй. Ганц дүүргийн гал сөнөөгчид хүрэлцэхгүй байгаа тул бусад дүүргийн гал сөнөөгчдийг нэгтгэж, 200 гаруй хүн ажиллаж байгаа бололтой. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
Энэ байранд орон нутгийн цагаар үүрийн 3 цагийн орчимд гал гарч эхэлсэн. Одоог хүртэл бүрэн унтрааж чадаагүй байгаа юм. Галын дуудлагыг тус байрны хоёр давхраас өгсүүлээд 27 давхар хүртэл оршин суугчид өгсөн гэж Лондоны гал унтраах албанаас мэдээлжээ. Түүнчлэн 20 гаруй түргэний машин гэмтсэн хүмүүст үйлчилж байна.