
“Монгол ньюс” ХХК, БАЛДОРЖ сангийн төлөөлөл болон Японы соёл, эдийн засгийн харилцааны нийгэмлэгийн тэргүүн Сато Нарико нар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад утаанаас хамгаалах 1800 ширхэг амны хаалт хандивлав. “Өнөөдөр” сонины сурвалжлах баг Төв аймгийн Батсүмбэр сумын Цог-Өндөр багийн нутаг Тавантолгойн түймрийн голомтод очиж газар дээрээс нь сурвалжилга бэлтгэсэн билээ. Сэтгүүлч Х.Уянга “Улсын хэмжээний 21 түймрийг унтраахад оролцож буй онцгой байдлын алба хаагчид, иргэдэд ус, хоол, хүнсний тусламж хангалттай ирж байгаа ч тэднийг утаанаас хамгаалах нь чухал байна” хэмээн сурвалжилгадаа онцолсон юм. Иймд бичил шүүлтүүрээр тоноглогдсон, 99.9 хувь утаанаас хамгаалах зориулалт бүхий 7-10 хоног зүүх боломжтой “Ракү” амны хаалтыг Япон улсаас захиж авчирсан байна. ОБЕГ-ын тэргүүн, дэд дарга Г.Ариунбуян “Энэ хэцүү үед ийм хэрэгтэй зүйлээр тусалсанд баяртай байна. Одоогоор бид долоон түймэр цурманд оруулсан. Түймэр унтраахаар нийт 1300 гаруй хүн ажиллаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчнээс 300-гаад алба хаагч туслахаар ирсэн” гэв.
