
Одоогоос 96 жилийн өмнө Монгол Улсын Ардын Засгийн газрын VI хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харьяанд дахин байгуулж байв. Ингэснээр хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам сахиулах, хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг бий болсон түүхтэй. Өдгөө цагдаагийн байгууллага 96 оныг ардаа үджээ.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, иргэдийн энхийн манаанд зогсож буй цагдаагийн зарим алба хаагч баярын өдрөөрөө шагнуулав. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын яамны шагнал болон ЦЕГ-ын шагнал, цагдаагийн цол тэмдгээр 100 гаруй алба хаагчийг шагнасан юм. Тэдний 20 нь албандаа тууштай зүтгэсэн, цол ахиулсан алба хаагч байв. Энэ үеэр шагнал хүртсэн алба хаагч “Улс, эх орондоо зүтгэж явах нь нэр төрийн хэрэг. Цагдаа хүнд шагнал, цол амар олддоггүй. Тиймээс их урамшиж байна” гэлээ. Харин ЦЕГ- ын дарга Ө.Энхтөр нийт алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдынх ажилд амжилт хүссэн юм.
Дашрамд дурдахад, өнөө жилийн цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулах талаар нэлээд олон арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд гэмт хэргийн гаралт 13 хувиар буурчээ.