
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Даншиг наадам болон “Төвийн бүсийн хурд”-ыг зохион байгуулахыг хориглов. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, Шижирийн аманд малын шүлхий өвчин гарч, 21 хоногийн хорио цээр тогтоосон учраас ийм шийдвэр гаргав.
Тус дүүрэгт шүлхий өвчин гарсан нь Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Голомтын бүсэд 14 өрхийн 138 бод, 210 бог бий. Нийслэлийн Мал эмнэлгийн газрынхны хэлж буйгаар шүлхий туссан малд вакцин хийгээгүй байжээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мал бүхий иргэдийг хотын бүсээс гаргаж, зарим арга хэмжээг цуцлахыг хүссэн юм.
Нийслэлийн Онцгой комиссын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халдварт өвчинд өртсөн малын эздэд хариуцлага тооцохыг үүрэг болгов. Мөн тэрбээр зуншлага хүндэрч, ихэнх нутаг гандуу байгаагийн дээр малын гоц халдварт өвчин гарсан учир Даншиг наадам болон “Төвийн бүсийн хурд”-ыг зохион байгуулах боломжгүй тухай Засгийн газарт мэдэгдэх шийдвэр гаргалаа.