“А Артист пикчерс”-ийн цоо шинэ бүтээл “Цус сорогчийн хайр” уран сайхны кино энэ сарын 30-наас бүх кинотеатраар гарч эхэлнэ. Энэхүү бүтээл нь Монголын анхны цус сорогчтой кино гэдгээрээ онцлог болсноос гадна жүжигчдийн көүчтэй ажилласнаараа ч Монголдоо анхдагч болж байгаа юм. Уг киноны продюсер, жүжигчдийн көүч Т.Алтантуяа киногоо “хайр агуулгатай, цус сорогч хэлбэртэй кино” гэж тодорхойллоо.
Уг кино нь “Жинхэнэ хайраа олсон хүн энэ хорвоо дээр хамгийн азтай” хэмээх ерөнхий мессежээрээ үзэгчдийн сонирхлыг татаж эхлээд байна. Мөн “Цус сорогчийн хайр” кино нь ердөө гуравхан дүртэй бөгөөд Монголын кино урлагт цоо шинэ дүр болох Б.Шинэбаяр, А.Уянга гэх залуу жүжигчдийг гаргаж ирж байгаа юм. Харин гурав дахь жүжигчнээр “1990”, “Уулын намар”, “Өндгөн толгойт” киногоороо олонд танигдаж яваа залуу жүжигчин Н.Сугармаа тогложээ.