Нийслэлийн нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан амьдарч байна. Гэвч хотын ногоон бүсэд эмх замбараагүй, стандартгүй барьсан хайс, хашлагаас болж эдгээр амьтан айж үргэхдээ, идэш тэжээл хайх явцдаа сүлбүүлж, эсвэл хашанд хавчуулагдах зэргээр хорогдсоор буй. 2018-2025 онд л гэхэд ийм шалтгаанаар хотын ногоон бүсэд 44 зэрлэг амьтан үрэгдсэний 15 нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон хариун буга байв. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ)-аас зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандарт боловсруулан батлуулж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдүүлж байгаа билээ.
Тэгвэл энэхүү ажил ямар шатандаа яваа талаар тус газрын Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар “Стандартад зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаа нь 1.2 метрээс өндөргүй, газрын гадаргаас 45 см-ийн зайтай буюу жижиг биетэй амьтан шургаж гарах боломжтой, хашааны төмөр хоорондын зай долоон см байхаар тусгасан. Хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд стандарт хангаагүй хашаануудыг буулгах, эзэмшигч нарт нь мэдэгдэл хүргүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна” гэв. Мөн тэрбээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг заавал мөрдөхийг уриаллаа.
НБОГ-ынхан өнгөрсөн долоон жилийн хугацаанд иргэдийн дуудлагын дагуу 800 орчим амьтныг авран хамгаалж, байгальд нь буцаан тавьжээ. Амьтдыг хотын ногоон бүсэд оруулахгүй байхын тулд жил бүрийн хавар, намрын улиралд тухайн амьтны байршдаг нутагт дэвсгэрт буюу нийслэлийн найман байршлын 18 цэгт биотехникийн арга хэмжээ авдаг аж.
О.Оргилох