УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. О.Номинчимэг тэргүүтэй 78 гишүүн уг төслийг өргөн барьсан юм. Энэ бол парламентын нийт гишүүний 62 хувь гэсэн үг. Тэд тамхины төрлийн бүтээгдэхүүнүүдийн гаалийн онцгой албан татварыг нэмэх асуудлыг төсөлдөө тусгажээ. Ингэснээр тамхины дундаж үнэ 2026 онд 4366, 2030 онд 15339 төгрөг болж нэмэгдэх тооцоог Сангийн яамнаас хийсэн байна.
Тамхины хяналтын хуульд өмнө нь оруулсан хамгийн сайн өөрчлөлт бол гишүүн асан Л.Эрдэнчимэгийн санаачилсан үйлчилгээний болон олон нийтийн газарт, сургууль, цэцэрлэгээс дотогш 500 метрт тамхи татахыг хориглосон зохицуулалт байсан. Гэхдээ үүнд тамхины нэг л төрлийг тусгасан. Тэгвэл эдүгээ электрон, халаагуур, шингэн гэх мэт тамхины олон төрөл бий болсон байна. Мөн 13-17 насны дөрвөн хүүхдийн нэг нь электрон тамхи татдаг болж хэрэглээ огцом нэмэгдсэн. Боловсролын байгууллагаас 500 метрт тамхи зарахгүй, хэрэглэхгүй гэдэг заалт бараг хэрэгжихгүй байгаа гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс өгөв. Мөн тамхинаас шалтгаалж жил бүр 4300 орчим хүн нас бардаг гэсэн статистик байна. Тиймээс тамхины дээрх төрлүүдийн хэрэглээг зохицуулах талаар төсөлд тусгасан аж. Гишүүд энэ талаар дорх байр суурь илэрхийллээ.
Т.Мөнхсайхан: -2019-2023 онд эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ зургаан хувиар өсөж, хүүхдийн тамхи татах нас 18-аас 15 болж залуужсан байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг. Хорт хавдрын шалтгааны 35 хувийг тамхи эзэлдэг. Электрон тамхи хор уршиггүй гэдэг нь худал, маш их консерхион бодис агуулдгийг тогтоосон. Тиймээс уг хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол ирэх таван жилд дээрх тоо улам нэмэгдэнэ, Монголын ирээдүй өндөр эрсдэлтэй болно.
Ө.Шижир: -Энэ бол татварыг биш, тамхины шууд болон дам хэрэглээг хязгаарлах агуулгатай хууль. 2024 онд 3.1 тэрбум ширхэг янжуурыг 59 сая ам.доллароор оруулж ирсэн бол 2025 онд 3.5 тэрбум ширхгийг 66 саяар ам.доллароор импортолсон байна. Мөн 8.2 сая электрон тамхийг 21.2, бусад төрлийн тамхийг 18.9 сая ам.доллароор оруулж иржээ. 100 сая ам.долларын зах зээлээсээ татгалзахыг хэн хүсэх вэ, эрх ашиг нь хөндөгдөж буй учраас эсэргүүцэх хүмүүс байна. Та нар өөрсдөө ирээдүйд хүүхдүүдээ тамхи татдаг болгохыг хүсэх үү. Ийм өнцгөөс хандаад УИХ уг хуулийг дэмжээд явах хэрэгтэй, хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналаа гаргаад явах эрх нь нээлттэй шүү дээ. Мөн уран бүтээлчид кино, клипэндээ тамхитай холбоотой зураг, дүрс оруулахаа бууруулаач ээ.
Д.Батбаяр: -Төрийн ордонд болсон хурлын үеэр нэгэн олны танил хүн электрон тамхи татаад суусан явдал гарсан. Сургуулиас 500 метр дотор тамхи худалдахгүй, татахгүй гэдэг заалт хэрэгжихгүй байгааг хэллээ. Тиймээс хаана, хэн татах, худалдаж авч болохыг уг хуулиар зохицуулах ёстой. Дэлгүүрт хүн биш, технологийн дэвшлийг ашиглаад, автомат төхөөрөмжөөр зарах, ингэхдээ зөвхөн насанд хүрсэн хүн картаа уншуулж авах байдлаар зохицуулж болно.
А.Ганбаатар: -Сонирхлын бүлгүүдийн саналыг дутуу тусгажээ. ТҮЦ-нд тамхи зарж, үүгээр эдийн засгийн эргэлтээ хийдэг хүмүүстэй ярилцаагүй, саналыг нь сонсоогүй байна. Татвар голлосон хууль биш гээд байна, тийм бол яагаад 3-4 дахин нэмэх гээд буй юм. Тамхинаас гаргахын тулд спортоор хичээллэх, эрүүл агаартай зугаалах орчин гэх мэтийг нь бий болгох хуулийн төслүүдийг дагалдуулж оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол орлуулах бүр илүү хортой бүтээгдэхүүнүүд оруулаад ирнэ. Тамхины үнийг огцом нэмбэл шагийн наймаа дэлгэрнэ.
Энэ мэтээр гишүүд байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ.
С.Уул