“Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс Монгол Улсын парламентын нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилгоор “Мэдэх эрхтэй-2” аян эхлүүлж, УИХ-ын дарга С.Бямбацогтод 15 шаардлага хүргүүллээ.
Тус төв нь 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монгол Улсад парламентын институцийг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг билээ. Тэд 2023 онд “Мэдэх эрхтэй” аяныг өрнүүлж, хууль батлах үеийн гишүүдийн санал хураалтын мэдээллийг ил тод болгохыг шаардсан байна. Үүний үр дүнд УИХ-ын parliament.mn цахим хуудсанд анх удаа санал хураалтын дүнг тусгай цэсээр дамжуулан нийтэд хүргэх боломж бүрдүүлсэн аж. Харин энэ удаагийн шаардлагууд нь хуульд заасан иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэж байгааг социологич М.Энхбадрал онцоллоо. Тодруулбал, парламентын мэдээллийг нээлттэй байлгах нэгдсэн стандарт тогтоох, Засгийн газраас боловсруулж буй хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдээс санал авах боломж бүрдүүлэхийг шаарджээ. Мөн хуулийн төсөлтэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос бүрэн авах, хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтийг тухай бүр ил тод харуулах шаардлага тавьсан байна.
Үүнээс гадна санал хураалтын мэдээллийг гишүүн тус бүрээр нь нээлттэй болгох, парламентын бүх нэгжийн үйл ажиллагааг ил тод мэдээлэх, хуралдааны тэмдэглэлийг цаг тухайд нь цахимд байршуулж хэвшихийг шаардав. Парламентын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох, гишүүн бүрийн ажил, үйл ажиллагааны тайланг нэг профайлд нэгтгэх, хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмыг бэхжүүлэх талаар дурдсан юм. Түүнчлэн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд заавал хариу өгч, тэдгээрийг шийдвэртээ хэрхэн тусгаснаа нийтэд мэдээлэх, парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд бие даан ажиглаж, сурвалжлах нөхцөлийг сайжруулах шаардлага тавьжээ.
“Цогц хөгжлийн үндэсний төв” нь “Парламентын ил тод байдлыг хангах Азийн сүлжээ”-нд Монгол Улсаа төлөөлөн гишүүнээр ажилладаг. Тус сүлжээ нь Азийн 11 орны байгууллагыг нэгтгэдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд парламентын ил тод байдлыг үнэлэх “Азийн индекс”-ийн аргачлалыг боловсруулжээ. Уг аргачлалаар УИХын үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийн ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоо гэсэн үндсэн гурван түвшинд үнэлэх аж. Тус үнэлгээний дүнг аравдугаар сарын сүүлээр нийтэд танилцуулах гэнэ.
У.Цэцэг