Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард Ж.Туул гэх эмэгтэйд холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон юм. Тэрбээр хүүхдийнхээ холбогдсон, бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэх хэрэгт ашигтай шийдвэр гаргуулахын тулд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт 800 000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгагдсан аж. Түүний хүү нь 11 настай охиныг хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдон, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байж. Гэтэл түүнд нөлөөлөхийг оролдож, тус прокурорын газарт хүргүүлсэн захидлын дугтуй дотор дээрх хэмжээний мөнгийг хийж илгээсэн гэдэг. Захидлыг хүлээн авсан прокурор тэр даруйдаа нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсанаар Ж.Туулд АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм билээ. Шүүхээс даалгасан ажиллагааг мөрдөгчид хийж дууссан, эсэх нь хараахан тодорхойгүй байна.
Аливаа хэрэг шийдвэрлэж буй шүүгч, хяналт тавьдаг прокурорууд нөлөөллийн мэдүүлэг хөтлөөд удаж байгаа. Үүнээс өмнө Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт ээмэг, зүүлт өгөхийг завдсан өмгөөлөгч ял шийтгүүлсэн. Мөн шүүгч, түүний туслахад “Укасан” компанийн захирал Ц.Уртнасан 1.4 сая гаруй төгрөг, эд зүйлс өгөхийг завдсан үйлдэлдээ зургаан сар хоригдохоор болсон юм.
Гэтэл шүүгч, шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбатын хамтаар иргэний хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчид 10 000 ам.долларын хахууль өгч, Монголын ашигт малтмалын ордыг эзэмшдэг хятадуудад ашигтай шийдвэр гаргуулахыг завдсан. Харамсалтай нь, Улсын дээд шүүх нь “шүгэл үлээж”, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгчээ хэрэгт яллагдагчаар татаж оруулж ирэх ёстой гэж буцааж, өдгөө уг хэргийг завааруулан хэрэгсэхгүй болгочхоод байна.