Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд хотын дарга Б.Пүрэвдагва, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзаж, цөөнгүй асуудал хэлэлцлээ. Эдийн засаг хүндэрсэн эл үед хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогыг нийслэлээс хэрэгжүүлж буйгаа хэлэв. Тухайлбал, бизнес эрхлэгчдийг 103 бүртгэл, зөвшөөрлөөс бүрмөсөн чөлөөлсөн байна.
Түүнчлэн бизнес эрхлэгчдэд учирдаг дарамтыг улам багасгах, хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжих зорилгоор хотын хоёр хувийн албан татварыг бууруулах тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсныг уулзалтын үеэр зарласан юм. Уг татварыг хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авагч төлж, борлуулагч суутган төсөвт төвлөрүүлдэг аж. Тэгвэл татварын хувь хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн худалдан авалт дахь татвар багасаж, хэрэглээг дэмжих ач холбогдолтой гэв.
О.Ундрах