
Оффшортой холбоотой дуулианд хачир нэмж, 4.5 сая ам.доллар байгаа тухай мэдээлэл цацагдаж эхлэв. АТГ-аас уржигдар мэдээлэл хийхдээ “Дээрх бүсэд данстай 23 иргэнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Дээрх хүмүүсийн нэрийг прокурорын зөвшөөрөлгүйгээр зарлах боломжгүй” гэсэн юм.
АТГ-ынхан Ерөнхийлөгчийн хэлсэн шиг зүгээр суугаагүй гэдгийг бид өмнө нь нэг бус удаа мэдээлсэн. Тэд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас зарласан жагсаалтад нэр дурдагдсан Монголын 29 иргэнтэй холбоотой мэдээллийг шалгаж, төрийн болон нийтийн албанд ажиллаж буй хүн, тэдний хамаарал бүхий 23 хүнийг тогтоосон.
Тэдгээр иргэнтэй холбоотой үйлдлийг шалгаж буй бөгөөд санхүүгийн гүйлгээнийх нь талаарх мэдээллийг оффшор бүсээс нь өгөхгүй байгаа аж. Харин АТГ-ынхны тогтоосон хэмээж буй 4.5 сая ам.доллар нь төрийн болон нийтийн албанд ажиллаж буй хүмүүстэй огт хамаагүй, гадаадын компаниудтай хамтран бизнес эрхэлж буй манай хувийн компанийн захирал, удирдах албан тушаалтнуудын оруулсан хөрөнгө гэдгийг эх сурвалжууд өгүүлэв.