
Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар байх түр ирэгч гадаадын иргэн олон удаагийн виз, зөвшөөрөл хүсч болно. Тухайлбал,
Монгол Улсад ажил хэргийн шугамаар олон удаа ирэх гадаадын иргэн “В” ангиллын олон удаагийн виз,
Монгол Улсад хөрөнгө оруулсан гадаадын иргэн “Т” ангиллын олон удаагийн виз хүсч болох юм.
Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол түр ирэгчид олгох олон удаагийн визийн хүчинтэй байх хугацаа нь 183 хоног буюу 365 хоног байх бөгөөд түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа нь 30 хоног байна.
Түр ирэгчид олон удаагийн виз мөн зөвшөөрөл хүсч буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Нэгдүгээрт: Уригчийн хүсэлт
Хоёрдугаарт: Гадаадын иргэний хүчин төгөлдөр паспорт буюу түүнийг орлох бичиг баримт
Гуравдугаарт: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт тус тус бүрдүүлнэ.
Шаардлагатай тохиолдолд тухайн гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэлийг тодорхойлсон бичиг баримтыг нэмэлтээр бүрдүүлж болно. Үүнд, уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, татварын байгууллагын тодорхойлолт, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах бол түүний хуулбар байж болно.
Бичиг баримтын бүрдэл дутуу, виз олгох үндэслэлээ тодорхойлж чадаагүй болон ГИЭЗБ-ын тухай хуульд заасан үндэслэл зэргээс хамааран нэмэлтээр бичиг баримт шаардах, ярилцлагад дуудах ба эдгээр болон тухайн хүсэлт гаргагчаас хамааралтайгаар шийдвэрлэгдэх хугацаа уртасдаг аж.