
Монгол Улсын иргэдийн мэдээлэл олж авах эрх хязгаарлагдмал гэдэг. Уг нь 2011 онд УИХ-аас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталж, иргэдийнхээ мэдэх, мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан. Тухайлбал, иргэн та хууль хэрэгжүүлэх, сахиулахтай холбоотой мэдээлэл, эрх мэдэлтний гаргасан тушаал, шийдвэр, олон түмний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг албан тушаалтнаас шаардан авах эрхтэй юм.
Энэ талаарх ойлголтыг олон нийтэд түгээх зорилго бүхий, мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Үүнийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос “Глоб интернэшнл” төвтэй хамтран анх удаа “IPDCtalks: Mongolia” чуулганыг зохион байгуулав. Хэвлэл мэдээллийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл эл чуулганд оролцож, тогтвортой хөгжлийн зорилт агуулгын дор 16 сэдвээр илтгэл тавьсан.
“Өнөөдөр” сонины тоймч Г.Оюунгэрэл “Хуурай газрын эко системийг хамгаалах”, “Ub life” сайтын эрхлэгч Ж.Тэгшжаргал “Тэгш бус байдлыг бууруулах”, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн доктор, профессор Х.Цэвэлмаа “Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдвийг хөндлөө. Дашрамд дурдахад, дөрвөн жилд нэг удаа болдог ЮНЕСКО-гийн бага хурлаар Монгол Улс 2013-2017 онд Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авсан билээ.