
Өмнөговь аймагт ширэм хайлуулах үйлдвэр байгуулагджээ. “Даланзадгад ДЦС” ТӨХК-ийн ширэм хайлуулах үйлдвэрийг уржигдар ашиглалтад оруулснаар гаднын байгууллагуудад захиалгаар хайлуулдаг байсан металл, хар төмөр, ширмэн эд ангиудыг өмнөговьчууд орон нутагтаа дахин боловсруулж хэрэглэх боломж нээгдэв. “Даланзадгад ДЦС” нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг бөгөөд энэхүү үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай юм байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, зөвхөн өөрсдийн хэрэгцээг хангах бус, бусад сум, аймагт бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавьснаа үйлдвэрийн удирдлагууд нээлтийн үеэр онцолсон. Тус үйлдвэрийг байгуулснаар орон нутагт 15-20 байнгын ажлын байр бий болж байгаа аж. Үйлдвэрийн хувьд түүхий эдээ хаягдал төмрөөс 80 хувийг нь, үлдсэнийг нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс авах юм байна. Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Бид хамтдаа” төсөл буюу 20-иос доошгүй үйлдвэр байгуулах, 5000 ажлын байр бий болгох зорилт тусгасан нь эхнээсээ ийнхүү ажил хэрэг болж буй.