
Ганц амьдрахдаа... Тэрийг ч авна, түүнийг ч хэрэглэнэ, тийшээ аялна, ийшээ зугаална, наргина, цэнгэнэ. Хүн гээч бодьгалын хүслээ гүйцэлдүүлэх тэмцлийн талбар нь амьдрал гэлтэй. Хүссэндээ хүрэхийн тулд худал хэлэх, хууран мэхлэх, эд хулгайлах, хүний мууг үзэхээс ч сийхгүй. Бүхнийг өдөөн хатгагч нь шунал. Хязгааргүй хэрэглээгээ хангах тэмцэлд хэн ялах вэ?
Хүмүүс ялагчтай мэт ойлгодог. Хөрөнгө цуглуулж, эрх мэдэлд хүрсэн хэн нэгнийгээ ялагчаар тодруулан, ил, далд атаархана. “Ганц л удаа амьдрахдаа” гэх хэллэгийг өнөөгийн Монголын нийгэмд амьдарч буй хүмүүсээс олонтаа сонссон гэдэгт эргэлзэхгүй байна. Бид шуналын хөг аялгуу хангинасан нийгэмд амьдарсаар. Магадгүй ертөнц жамаараа яваа нь энэ байх. Шуналаа тэвчих, гэгээрэлд хүрэхийн тухай “хүн сүрэг”-ийн сэхээрсэн хэсэг нь ярих дуртай. Чаддаггүй нь даан ч гачлантай. Амаараа гэгээрэл яриад, үйлдлээр шуналаа гүйцэлдүүлж буйдаа ичдэггүй нь бүр гаслантай.
Монголчуудын 80 хувь бурхны шашинтай гэдэг. Хийморийн сан тавиулж, даллага авахуулж, засал хийлгэж буйгаа бурхны шашны шүтлэгтэн гэж ойлгодог. Энэ бол зөвхөн өнгөн тал, зан үйл. Гэртээ лам залж, авлигаар олсон мөнгөөрөө өргөл барихаар ямар утга байх вэ.
Бурхны шашны хамгийн чухал номлол нь хоосон чанар. Хүний хүсэл, шуналыг хазаарлах гүн ухааны сургаал. Бурхан багшийн “Хамаг юм өөрийн уг мөн чанараар эс бүтсэн бөгөөд хоосон чанартай” хэмээх номлолыг “Энэ ертөнцөд бүх юм цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд буй болж, мөн цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд байхгүй болох тул юмст өөрийн мөн чанар гэж үгүй, бүгд хоосон чанартай. Ийм учраас ертөнцийн бүх юм хоорондоо шүтэн барилдсан, нэгдмэл юм” гэж тайлбарлажээ. Үүнийг илүү товчоор “Бүх юм үзэгдэл эцэстээ хоосон. Тэгэхээр хүсэх, шунах шаардлагагүй” гэж тайлбарлаж болох юм. Ганц амьдрахдаа амжуулах шунал, хоосон чанарын номлолын зөрчил энэ ажгуу.
Нэгэн анчин олон тарвага ганзагалаад гэртээ иржээ. Гэтэл эхнэр нь гэртээ лам залчихсан бурхны сургаал номыг төвд хэлээр уншуулж байж гэнэ. Анчин “Одоо болно доо, лам гуай. Юу уншаад байгааг тань ойлгохгүй нь. Тэгээд ч амьтны амь хороохоо хэзээ ч болихгүй. Нүглийг минь цайруулна гэвэл барагдахгүй” гэжээ. Анчин эр ганц амьдрахдаа хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө зосгох нь тэр.
Нөгөөтэйгүүр Германы агуу сэтгэгч, гүн ухаантан Фридрих Ницще “Амьдралын бүх эрх чөлөөг эдлэхийн тулд ёс зүйг уландаа гишгэ” гэснийг сануулах шиг. Ницше энэ бодлоо “Бурхан нэгэнт үгүй болжээ” гэж илэрхийлснийг бид бодох учиртай.