
Төв шуудангийн уулзварт албан үүргээ гүйцэтгэж байсан ЗЦА-ны Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа-зохицуулагч, ахлагч Б.Отгонбаатарт салаавч гаргаж, танхайрсан “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогтод баривчлах шийтгэл ногдуулж болзошгүй нь. Тэрбээр 17-93 УБҮ улсын дугаартай, өөрийнх нь эзэмшлийн ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлгүй машинд зорчин, урсгал сөрж явсан нь тогтоогдоод буй.
Түүний үйлдэлд цагдаагийнхан 250.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсныг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас үндэслэлгүй гэж үзэн тус дүүргийн шүүхэд хүчингүй болгуулах хүсэлт хүргүүлсэн аж. Уг зөрчлийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр болж, торгуулийг нь хүчингүй болголоо. Ингэснээр тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 7-30 хоног баривчлуулах саналаа шүүхэд хүргүүлээд байгаа гэнэ.
Түүнийг нь шийдвэрлэх хурал өнөөдөр болно гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлэв. Хэрэв 7-30 хоног баривчлах шийтгэл оноовол Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхэд болох залилан, байгаль орчинд хохирол учруулсан хэргийг нь шийдвэрлэх хуралд цагдаагийнхан хуяглан хүргэх аж. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг.
Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийнхэн хуулийн дагуу ажлаа хийсэн бол Ц.Баярцогт ийм үйлдэл гаргаж, олон нийтийн сүлжээнд “од” болохгүй байсан. Шүүхэд хэрэг нь хянагдаж буй шүүгдэгч өдөр бүр очиж бүртгүүлдэг журамтай атал тэрбээр үүнийг зөрчин хотод архидаж явсныг уг бичлэг илтгэнэ.