
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг, Зүүн дөрөө гэдэг газарт тариалан эрхэлдэг, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьцаа эзэмшдэг “Дорнод гурил” компани Хэрлэн голыг боож, далан барьснаас ус нь ихээхэн бохирдож, загас, жараахай үй олноор үхсэн явдал өнгөрсөн зун болсон.
Хэрлэн гол татарч, урсац нь жилээс жилд тогтмол багасаж байхад эл компанийнхан ийн дураараа дургисанд нутгийн иргэд ихээхэн бухимдаж, тус голоос ус ашигладаг аж ахуйн нэгжүүдийн хэрэглээг аймгийн Засаг дарга түр хугацаагаар хориглосон юм.
Түүнчлэн аймгийн ЦУОШГ болон БОАЖГ-ын мэргэжилтнүүд энэ үеэр Хэрлэн гол дагуух газруудыг шалгаж, голын урсац нэмэгдүүлэх ямар арга зам байгааг судалж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Дорнодынхон “Хэрлэнгээ хайрлан хамгаалъя”, Төв, Хэнтий аймгийнхантай хамтран “Нэг голын хүүхдүүд” нэртэй аян өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж буй.
Байгаль хамгаалагчид энэ хүрээнд голын ойр орчмыг цэвэрлэх, ус бохирдуулагчдыг илрүүлэх олон ажил санаачлан хийсэн билээ. Тэгвэл дээрх аймгуудын ерөнхий боловсролын 10 сургуулийн сурагч, эко клубийн багш нар “Нэг голын хүүхдүүд”-д нэгджээ. Тэд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд үеийнхнээ татан оролцуулж, экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулахад анхаарах аж.
Сурагчид байгаль орчин хамгаалах болон хог хаягдалтай холбоотой хуулийн заалт бүхий самбаруудыг өнгөрсөн амралтын өдөр Хэрлэн гол дагуу байрлуулжээ.