
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр-т хамарснаар энэ оноос эхлэн 5 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн байгаа билээ. Тодруулбал иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлөх болсон.
- 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь
- 1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь,
- 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь,
- 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөхөөр болсон.
Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмж 11 хувийн татвар төлөх болсон. Бага дунд орлоготой иргэдийн татвар 1 хувь нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Энэ нь их хэмжээний орлоготой хүмүүсээс авах татварын хэмжээ ихэсж бага дунд орлоготой иргэдээс авах мөнгө бага учир тэгштгэж өгч байгаа гэж үзэх нэгэн байхад татвар нэмэгдэнэ гэдэг иргэдээ шулж байгаа хэрэг гэж үзэх олон ч байна.
Мөн энэ сараас тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхлэх юм.
11 дүгээр сарын 30-наас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцавын боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.