
-Бид хоорондоо тохиролцож чадахгүй бол 49 хувийг нь авъя гэсэн санал гарсан бололтой –
Өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийг анх ОХУ-аас худалдаж авсан үнээр “Монголын зэс корпорац”-аас авч, 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. “Монголын зэс корпорац” ОХУ-ын “Ростехнологи”-д 400 сая 272 мянган ам.доллар төлсөн нь өнөөгийн ханшаар 1.1 их наяд орчим төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Ингэхдээ шууд төлбөр хийх бус, Монголбанк болон Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд зээлсэн мөнгө, Сэлэнгэ аймагт байгуулсан концессын гэрээг цуцалж, төлөх ёстой 281 тэрбум төгрөг, “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Монголын зэс корпорац”-д шилжүүлсэн ногдол ашиг зэргийг суутгах замаар шийдвэрлэх аж. Одоогийн байдлаар “Монголын зэс корпорац” 49 хувиа анх авсан үнийн дүнгээрээ зарах, Засгийн газрын төлбөрийг суутгах замаар хийх саналыг дэмжих, эсэх нь тодорхойгүй байгаа. Уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй учраас “Эрдэнэт”-ийг тойрсон хэрүүлийн хоёрдугаар үе шат эхэлж байна гэж ихэнх хүмүүс үзэж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төр, хувийн хэвшил булаалдан маргалдаж байх зуурт хойд хөрш болон Казахстан улсын томоохон компаниуд “Эрдэнэтийн 49 хувийг Монголд худалдсан хэлцлээ буцаачих, бид авъя” гэсэн саналыг ОХУ-ын Засгийн газарт тавьсан гэх. Албан бус эх сурвалж энэ тухай албан ёсны мэдээлэл манай Засгийн газарт ирснийг дуулгаж буй юм. Хувийн хэвшлийн талаас Лондоны арбитрын шүүхэд хандах эрх нээлттэй аж. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар ОХУ 49 хувиа зарсан гэрээгээ буцаах эрхтэй гэнэ. Учрыг нь олоход хэцүү энэ ээдрээтэй гэрээ хэлэлцээрийн цагалбар, мөн “Эрдэнэт”-ийг худалдаж авсан “Монголын зэс корпорац”-ын хөрөнгийн эх үүсвэр яагаад хардлага дагуулдгийг харуулсан инфографикийг тайлбарын хамт нийтэлж байна.