
Замын цагдаагийн албанд өнгөрсөн онд зам, тээврийн ослын 1698 дуудлага бүртгэгджээ. Эдгээр ослын улмаас 507 хүн нас барж, 1258 хүн гэмтсэн байна. Үүний 80 орчим хувь нь орон нутгийн замд, шөнийн цагаар гарсан гэнэ. Өөрөөр хэлбэл, жолооч нар хурд хэтрүүлснээс гадна гэрлийн гялбаанд орсны улмаас ийн осолд өртсөн аж.
Одоогийн байдлаар нийт тээврийн хэрэгслийн 50 гаруй хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй гэнэ. Тиймээс холбогдох албаныхан зам, тээврийн ослыг бууруулах зорилгоор ийм машины гэрлийн тусгалыг өөрчлөх наалт наахаар болжээ. Наалтын үнэ 2000 төгрөг байх бөгөөд автотээврийн оношилгооны төвүүдэд хандан наалгаж болох юм байна.
“Энэ сараас эхлэн оношилгоонд орж буй буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрэлд наалт наана. Уг наалтын хэмжээ жижиг учраас машины өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй” гэж ЗЦА-ны мэргэжилтэн М.Мөнхгэрэл хэлэв.