
Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр "Манай улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд орсны тод жишээ бол өрөө төлөх мөнгөгүй өр тавин төлж байгаагаас харагдаж байна. Тиймээс Монголын Ногоон нам Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудал тавьж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал тавьсан. УИХ тарахаар Шилжилтийн Засгийн газар улс орныг удирдах боломжтой.
Дараах гурван алхмаар үе шаттай өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Нэгдүгээрт, Монгол УИХ нь сонгогч олон түмний өмнө хүлээсэн үүргээ умартан, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон гэж үзэн УИХ-ыг тараах арга хэмжээ зохион байгуулж, Шилжилтийн Засгийн газрыг байгуулах,
Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах, Засгийн газрыг байгуулах хүртэл төр засгийн бүх удирдлагыг шилжилтийн Засгийн газарт олгох,
Гуравдугаарт, Нийслэлийн удирдлагыг Улаанбаатар хотод тулгараад буй экологийн гамшгийг зогсоох хүсэл эрмэлзэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, удирдлагыг Шилжилтийн Засгийн газарт давхар хариуцуулах зэрэг алхмуудыг олон нийт, улс төрийн нам, нийгмийн баримжаатай ТББ-ууд болон иргэдийн идэвхийг өрнүүлэн зохион байгуулах болно.