
Өнөөдөр Г.Баасангийн хийсэн мэдэгдлийг АТГ-аас няцааж залруулга хийлээ. АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг хэлэхдээ:
АТГ хаалттай гэх. Гэтэл ямар хаалттай байтлаа хэвлэлийн хурал хийе гэхэд нь заал талбайгаа өгөөд, өөрсдийгөө гүтгүүлээд сууж байх вэ дээ.
Хүлээж авдаггүй гээд байгаа Энхжаргал дарга нь гэхэд л тэднийг 2017 онд 4 удаа хүлээн авч уулзсан. АТГ-ын бусад том, жижиг дарга, албан хаагчид Баасан гуайг дуудахад очдог, уулздаг. Би бас өрөөнд нь дуудагдан очоод өндөр дуугаар хашгичин загнуулж ч байсан. Манай албан хаагчдаас хүссэн мэдээллээ гаргуулан авдаг. Хэн дуртайгаа дуудаж уулздаг. АТГ хурлын танхимаа Баасан гуайд гаргаж өгч хэвлэлийн хурлыг нь хийлгэдэг. Хаалттай байгууллага ийм байх уу? Аль ч байгууллагын тогтоосон дотоод дүрэм, журам гэж байна. Тэрийг зөрчих, уландаа гишгэх эрх хэнбугайд ч байхгүй. АТГ-ын байр хуулиараа төрийн тусгай хамгаалалтад байдаг. Төрийн тусгай хамгаалалтын газрын тогтоосон журамд АТГ-ын дарга нар ч захирагдана. Өөр яах юм. АТГ-ын өрөө танхимууд камертай, дуу бичигчтэй. Энэ нь манай дотоод нарийн чанд хяналт болохоос өөр юу ч биш.
Үүний дараа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү дараах мэдээлэв.
Тэрбээр “АТГ өнгөрсөн оны 11- р сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагаа илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе.
Авлигын эсрэг хуулийн 16-р зүйлийн 16.2-т Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө АТГ-ын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө АТГ-ын нэр хүндийг унагаах зорилготойгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тараалаа.
Тухайлбал АТГ-ыг хаалттай байна, дарга нь олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзахаас зугтаадаг, Х.Энхжаргал дарга хууль ёсны Олон нийтийн зөвлөлийнхний үйл ажиллагааг эсэргүүцдэг, Олон нийтийн зөвлөлийн гишүүд бид АТГ-ын хаалгаар үнэмлэх үзүүлж ордог гэх мэт асуудлуудыг Г.Баасан ярьсан. Авлигын эсрэг хуулийн 32.6-д АТГ-ын байр төрийн хамгаалалтад байна гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн дур зоргоороо орохыг хязгаарлах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн дотоод журмыг АТГ-аас өөрсдөө баталж мөрддөг. Энэхүү журмыг АТГ-ын алба хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. АТГ хаалттай ажиллаж байна гэдгийг хаалга үүд цоожилсноор хэмжиж болохгүй байх. АТГ аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай бол өгч байгаа. АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон бусад гишүүдийг нь уулзах хүсэлт гаргах тухай бүрд нь хүлээн авч уулзаж байсан. Тодорхой жишээ дурдахад 2017 оны 12 сарын 26-ний өдөр Г.Баасан АТГ-ын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзах үеэрээ “Манай олон нийтийн зөвлөлд олон янзын боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг болохоор хамаагүй асуудал ярихаар хов болгоод хэцүү байна. Тиймээс ганцаарчилж уулзъя.” гээд бусад гишүүдээ муулан байж уулзсан байдаг. Энэ үедээ Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн хувьд эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байсан. Тухайн үед юу ярьсан нь АТГ-ын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа.
“Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төбгрөгийн төсвөөр шагнууллаа” гэх асуудал Г.Баасан ярьсан. 2014 оноос хойш АТГ-т батлагдаж ирсэн төсвийн мэдээллийг та бүхэн харна уу. Авлигын эсрэг хууль АТГ-ын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно” гэсэн заалт байсныг 2015 онд тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод түүнээс хойш АТГ-ын төсөв жил дараалан буурч ирсэн. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 оны 11 сард батлагдсанаар АТГ-ын 2018 оны хөтөлбөрийн төсөв санхүүжилтийг 14,8 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ төсөвт АТГ-ын үйл ажиллагааны бүх зардлаас гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн санхүүжилт мөн багтсан.
АТГ-ын хүлээсэн үндсэн чиг үүрэг бол авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх. Энэ үйл ажиллагаанд Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй олны танил олон нийтийн төлөөллийг үүрэг маш чухал байдаг. Эдгээр хүмүүс нийгмийг авлигатай тэмц, авлигыг үл тэвч, хяна гэж уриалахын оронд эсрэгээр нь АТГ-т юу ч өгөөд, ямар ч мэдээлэл өгөөд нэмэргүй гэж ярьж байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зорилго, АТГ-т итгэх итгэлийг бууруулах гэсэн санаатай үйл ажиллагаа гэж ойлгож болохоор байна.
Бидэнтэй хамтраад авлигын мэдээлэгчийг яаж хамгаалах вэ гэж ярихын оронд эсрэгээрээ АТГ-т та нар мэдээлэл өгөх юм бол хохирно шүү гэж уриалга гаргаад байгааг ойлгохгүй байна. Ямар эрх ашгийн төлөө ингэж яваад байгаа юм бол.
Г.Баасан “Мөн гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хууль сануулаад, гомдол гаргагчаар гарын үсэг зуруулдаг асуудал маш их гарч байна.” гэж илт мушгин гуйвуулсан зүйл ярьсан. Иргэд хүсвэл өөрсдөө нэрээ нууцлаад АТГ-т мэдээлэл өгөх боломжтой. Гэхдээ нөгөө талаас иргэн өргөдөл гомдол, мэдээлэл гаргах эрхтэй ч гэсэн тухайн холбогдсон албан тушаалтан бас гэмт хэрэгт гүтгэгдэхгүй байх эрхтэй. Үүнийг зохицуулахын тулд худлаа мэдээлэл өгсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг хуулийн зохицуулалт аль ч улс оронд байдаг.
Тиймээс АТГ-ын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол байгууллагынхаа ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг Монгол Улсын шүүхэд өгөхөө мэдэгдэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын тухай ярьсан асуудал өнөөдрийн мэдээлэлд хамаагүй. Өнөөдөр зөвхөн байгууллагын байр суурь илэрхийлж байгаа учраас мэдэгдлээ дуусгая.” гэлээ.