
Хүмүүсийн хэрэглээ, хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр хүүхдийн тоглоом ч ухаалаг болж буй. Дуу дуулдаг, ярьдаг, bluetooth wifi холбогддог тоглоом бишгүй болсон. Тэгвэл ХБНГУ-д ийм төрлийн тоглоом худалдахыг эсэргүүцэж эхэлжээ. Тодруулбал, тус улсын хэрэглэгчийн эрх ашгийн төлөө байгууллага "Stifftung warentest'' -аас явуулсан судалгаагаар bluetooth болон wifi суурилуулсан тоглоомоор дамжуулан хакерууд хүүхдүүдтэй харилцаж, уруу татаж, цаашилбал хулгайлж ч болзошгүй нь тогтоогдсон байна. Туршилтад ашигласан долоон тоглоомын дөрөв нь хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байжээ. Тэдгээр тоглоомууд нь Toy-Fi Teddy, CloudPets зэрэг ажээ. Дээрх тоглоомуудын bluetooth холболт нь хамгаалалтгүй, нууц үг шаардлагагүй учраас гаднаас хэн ч нэвтрэх боломж олгож байгаа юм. "Argos", "Amazon" зэрэг сайтаар захиалга авч эхэлсэн эдгээр тоглоомын Bluetooth 10-30 метрийн зайнаас холбогдож байгаа нь хүүхдийн аюулгүй байдалд өндөр эрсдэл дагуулж буй гэж тэд үзжээ.