
Тагнуулын байгууллагын хоёр ажилтан хээл хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж эхэлжээ. Өнгөрсөн пүрэв гаригийн үдэш уг хэрэгт сэжиглэгдсэн хоёр тусгай ажилтныг цагдан хорьсныг эх сурвалжууд баталж буй юм.
Бидэнд олдсон мэдээллээр ТЕГ-ын Увс аймаг дахь хэлтсийн ажилтан Ц нарын хоёр хүн хилээр их хэмжээний америк доллар бусдад оруулж өгсөн гэнэ. Улмаар үүнийхээ хөлсөнд хоёр сая төгрөг авсан үйлдэлд холбогдсон аж. Тэд нутгийнхаа байнгын ажиллагаатай Боршоо боомтоор их хэмжээний ам.доллароо оруулж ирсэн гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Тагнуулын байгууллагын ажилтныг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Тагнуулын ерөнхий газрын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ” гэх заалтыг үндэслэн АТГ-аас дээрх хоёр ажилтныг саатуулсан тухайгаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн сурагтай.
Орон нутгийн тагнуулын ажилтнууд хилээр их хэмжээний валют оруулаад хахууль авсан тохиолдол ганц энэ биш. 2008 онд Завхан аймаг дахь Тагнуулын хэлтсийн ажилтан Ц.Галсандамба 500 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань хилээр нэвтрүүлж, 17.1 сая төгрөгийн хахууль авсан үйлдэлдээ Чингэлтэй дүүргийн шүүхээс таван жил хорих ял шийтгүүлж байсан билээ.