
2016 оны 1-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулинд иргэн, аж ахуй нэгж хоёрыг эн тэнцүү хамруулсан нь хувиараа бизнес эрхэлж байгаа иргэдэд хүндээр тусаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд төлөөлөл болж “Нарантуул” ОУХТ, “Sunday” худалдааны төв, “Да Хүрээ” ХХК, “Хархорин” зах, Монголын гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо, ТҮЦ эрхлэгчдийн холбоо, “Дурсамж” холбооны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ирсэн.
Монголын гар утасны бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Араажав: Хөрсөнд буугаагүй НӨАТ-ын хууль хувиараа худалдаа эрхлэгчдийг хөлдөө чирж байна. Зах дээр зогсдог худалдаачдын орлого татвар төлөх хэмжээний их биш. НӨАТ-ын тухай хуулийн 5.2-т зааснаар "Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс их бол албан татвар ногдуулан суутган авч төсөвт төвлөрүүлнэ" гэсэн байдаг. Мөн хуулийн 13-р зүйлд зааснаар "Жилд 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд албан татвараас чөлөөлнө" гэдэг. Манай худалдаачдын жилийн орлого дээр заасан мөнгөнөөс бага тул НӨАТ төлөх боломжгүй. Бусад орны жишгээс үзвэл иргэн, аж ахуй нэгжийг ялгаж салгасан иргэнд харьцангуй таатай нөхцөлөөр татварын бодлогоо явуулдаг болохыг харж болно. Тийм учраас хөрсөн дээр буугаагүй хуулиа дахин эргэж харна уу гэж шийдвэр гаргагч эрхмүүдэд уламжлахаас аргагүйд хүрлээ.