
Оёдлын салбарын 200 гаруй аж ахуй нэгж нэгдэж салбарын бүтэц зохион байгуулалтын анхны хурлаа энэ сарын 27-нд хийхээр болсноо өнөөдөр мэдээлэв.
Социалист системийн үед манай улсын оёдлын салбар бүх талаар цэцэглэн хөгжиж, дотоодын үйлдвэрлэлээр улс орныхоо оёмол бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чадаж байсан билээ. Гэтэл одоо дотоодын хэрэгцээнийхээ 80 орчим хувийг Хятад улсаас авч байгаа нь харамсалтай байгаа талаар хурлын үеэр онцолсон юм.
Urban Jeans брэндийн захирал Д.Тунгалаг:
Оёдлын салбар ашиг орлого муутайгаас үнэлэгдэхээ болиод удаж байна. Монгол Улсын хэмжээнд жилдээ 515 тэрбум төгрөгийн хувцас, бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг бол дотоодын бэлэн хувцас үйлдвэрлэлийн борлуулалт жилдээ 10 орчим тэрбум байна. Бид 15000 хүний ажлын байр бий болгох мөнгийг гадаад руу урсгаж байгаа гэсэн үг юм. Манай улсын дотоодын хэрэгцээний 80 хувийг хангаж байгаа БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүний татвар, хяналт бага тул хямд үнээр борлуулж биднийг зах зээлээс шахсаар өдийг хүрлээ. Бусад оронд импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний татвар өндөр буюу 20 хувиас дээш байдаг. Орос улс л гэхэд бараа бүтээгдэхүүний татварыг 40 хувьд барьдаг нь дотоодын үйлдвэрлэлээ маш сайн дэмжсэн бодлого юм. Эндээс үзэхэд Монголын Оёдлын салбар нэгдэх шаардлагатай, бодлогоор дэмжүүлж байж өрсөлдөхүйц болох боломжтой юм. Бид салбарынхаа нэгдмэл байдлыг бэхжүүлэхээр хурлаа товлож одоогийн байдлаар 200 гаруй аж ахуй нэгж нэгдэх хүсэлтээ бидэнд ирүүлсэн байна. Энэ тоо цаашид нэмэгдэх боломжтой тул бусад оёдолчиддоо нэгдэхийг уриалж байна.