
ШӨХТГ-ын дарга асан, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төв ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр: Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь импортлогчид хоорондоо өрсөлдөхгүйгээр үгсэн тохиролцож байгаатай холбоотой. 2016 онд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хоёр дахин буурч, ШӨХТГ-аас тухайн үед шатахуун импортлогчдод шалгалт хийж байсан. Тухайн шалгалтын дүнгээр импортлогч компаниуд маш өндөр орлоготой ажиллаж байгаа нь тогтоогдсон. Дэлхийн зах зээл дээр үнэ хоёр дахин буурчихаад байхад импортлогчид үнээ буулгахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд шатахууны үнийг 50-200 төгрөгөөр буулгаж байсан удаатай.
Одоо шатахуун түгээгчид жижиг шалтаг дээр дөрөөлөн ард түмнийг хэцүү байдалд оруулж байна. ШТС-ууд бүгд нэг өдөр засвартай байна гэж юу байхав, бензиний зохиомол хомсдол үүсгэж байгаа нь үгсэн хуйвалдаж үнээ тохирч байгаатай холбоотой. Салбарын яаман дээр үнэ тогтоох зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл шатахууны үнэ, нөөцийг удирдан зохион байгуулдаг. Гэтэл ажлаа хийхгүй, дуугарахгүй байна. Цаашдаа шатахууны хомсдолыг гаргахгүй байхын тулд:
- Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар шатахуун импортлогчдын тоог нэмэх
- Төрийн хяналтын оролцоог нэмэгдүүлэх
- Хуулиа баримтлах
- Иргэд үнийн хөөрөгдөлтөй компаниудаас бензин авахгүй байх хэрэгтэй.
Ард түмэн шатахууны зохиомол хомсдолын эсрэг ШАТАХУУН авахгүй байх замаар сөргөн шантаачлах боломжтой. Ард түмэндээ зохих түвшинд үйлчилгээ үзүүлэх дотоодын шатахуун түгээх газар байх л ёстой" гэв.