
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын хураамж, авто зам ашигласны төлбөрийг иргэдээс хураахаар боллоо. Тээврийн хэрэгслийн албан татвар төлөхөд улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч хугацаа тогтоосон байна.
Тодруулбал, нэг, зургаагийн тоогоор төгссөн бол энэ сард, хоёр, долоогоор төгссөн бол дараагийн сард, гурав, наймаар төгссөн нь гуравдугаар сард татвараа төлнө. Харин дөрөв, есийн тоогоор төгссөн нь дөрөвдүгээр сард, тав, тэгээр төгссөн нь тавдугаар сард хураамжаа өгөх юм. Иргэд татвараа харьяа Татварын албаны дансанд эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлөх боломжтой.
Цахимаар төлсөн иргэн төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах шаардлагатай гэнэ. Харин банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулаарай.