
АНУ-ын улирлын чанартай Н-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай тус улсын Дотоодын аюулгүй байдлын яам энэ сарын 18-нд зарлаж, албан ёсоор мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хуудсуудаар уг визэнд амжиж бүртгүүлээрэй гэсэн утгатай зар ихээр гарах болов. Үүний цаана бусдыг залилдаг хүмүүс байж болзошгүй. Тиймээс ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлэг гаргаад байгаа юм.
Түүнд “Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд Н-2А болон Н-2В ангиллынвиз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. Н-2А виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, Н-2В виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд ажилчин авахад ашиглагддаг.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Түр хугацаагаар ажиллахаар очсон иргэд визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагдах юм. 2018 оны жагсаалтаас Гаити, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан болно.
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн монгол иргэдэд Н-2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н-2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлнэ. Энэ дашрамд, олон нийтэд анхааруулахад Н-2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье” гэжээ.
Цагдаагийн байгууллагад АНУ-ын визийн шинэ бүртгэлтэй холбоотой залилуулсан гэх гомдол одоогоор ирээгүй байгаа гэдгийг МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн болон дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэлээд ийм заранд итгэн мөнгөө өгч мэхлүүлэхээс сэрэмжлэхийг анхааруулсан юм.