
Өвөл битгий хэл зуны улиралд хүүхдэд хурдан морь унуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцогддог юм билээ. Харин манай улсад уламжлал, өв соёл нэрийн дор хурдан морины уралдааныг өвөл, зунгүй зохион байгуулдаг. Үүнээс улбаалан жилийн жилд хүүхэд бэртэж гэмтэхээс гадна амь насаа алдах тохиолдол тасралтгүй гарсаар байгаа юм. Гэвч цагаан сар өнгөрөв үү үгүй юү “Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан зохион байгуулах тухай сураг чих дэлсэж эхлэв.
Тиймээс, өвөл хурдан морины уралдаан зохион байгуулсанаас цөөнгүй хүүхэд унаж бэртэн, эрэмдэг, зэрэгдэг болсныг эргэн сануулахыг хүслээ. 2016 оны хоёрдугаар сарын 28-нд Монголын морин спорт уяачдын холбооноос төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах явцад 16 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн хэрэг гарсан. Мөн "Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан бөгөөд хурдан морины уралдааны үеэр 31 хүүхэд мориноос унаснаас нэг хүүхдийн гарны шуу хэсэг, нэг хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан юм.
Үүнээс гадна, Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан "Засагт ханы хурд -2017” уралдаанд 10 орчим аймгийн уяачид оролцож, их нас, азрага, соёолон, эрлийз дөрвөн насны нийтдээ 460 хурдан морьдыг давхардсан тоогоор 153 унаач хүүхэд унаж оролцсоноос гурван хүүхэд мориноос унаж бэртсэн байдаг. Энэ мэтээр зөвхөн өнгөрсөн оны өвөл Хөвсгөл бас Дорноговь, Сүхбаатар, Ховд аймагт хурдан морины уралдаан зохион байгуулж цөөнгүй хүүхэд бэртэж гэмтсэн удаатай.
НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн талаар удаа дараа байр сууриа илэрхийлж, энэ асуудалд хориг тавихаа ч мэдэгдээд байгаа билээ. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор гаргасан мэдэгдэлдээ “Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 2-т "Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.", 24 дүгээр зүйлийн 3-т "Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна" гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно..." гэж заасныг бидэнд эргэн сануулжээ. Түүнчлэн 2005 онд Шадар Сайдын гаргасан тушаалыг хэрэгжүүлэх, мөрдөн сахиулах талаар хангалтгүй анхаарснаас унаач хүүхдүүд гэмтэх, амиа алдах зэргээр гэнэтийн ослын хохирогч болсоор байгаа, мөн зам тээврийн осолд орох, морь болон бусад гаршуулсан амьтан унаж байгаад осолдох зэргээр хүүхдүүд хохирох нь нэмэгдсээр байгаад харамсаж байна гэжээ.
ХЭҮК-оос өчигдөр хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт зөвлөмж хүргүүлээд байна. Тус Зөвлөмжийг "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглажээ. Зөвлөмжид “Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан. Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусгасан.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны долдугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл өгсөн билээ.
Гэвч өмнөх Засгийн газрууд хүйтний улиралд буюу газар, зам харгуй хөлдүү, цас мөс, халтиргаа гулгаатай жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх хугацаа буюу өвөл, хаврын хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэрийг удаа дараа гаргаж байсан. Үүнээс болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан байна” гэж дурджээ. Энэ мэтээр НҮБ болон ХЭҮК зэрэг олон байгууллагаас өвөл хүүхдэд хурдан морь унуулахыг эсэргүүцсээр байгаа боловч асуудал дагуулсан хэвээр байна.