
Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны хамтарсан БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэдэд үйлчлэх "Эмчилгээний дараах хяналтын төв"-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хурлын зааланд боллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн халамжийн яамны хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм. Эмчилгээний дараах хяналтын төвийг байгуулснаар БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд маань эх орондоо хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна. Манай Улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт хаягдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчих зэрэг нь санхүүгийн маш том дарамт болохоос гадна цаг хугацаа алддаг.

Тэгвэл энэ төв байгуулагдсанаар хоёр улсын эмч, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх зорилгоор эх орондоо мэдээлэл харилцааны технологид суурилсан Эмчилгээний дараах хяналтын төв нээлтээ хийх юм. Тус төв нь зөвхөн УНТЭ-ийн хүрээнд биш улсын хэмжээнд ажиллах юм. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны албаны төлөөллүүд, УНТЭ-ийн удирдлагууд, эмч, эрдэмтдийн баг, хамт олон болон БНСУ-ын Каталокийн их сургуулийн харьяа Гэгээн Мария эмнэлгийн эмч, профессорууд, мэдээлэл, технологийн багийн хамт оролцоно.