
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Бензин, шатахууны хомсдол иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв
ОУВС-тай хийсэн тохиролцсоны дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Гэвч үүний улмаас зарим шатахууны үнэд өөрчлөлт орж, шатахууны импортлогч аж ахуйн нэгжүүд худалдаандаа хязгаарлалт хийснээр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. "
"Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл"-ийн 2018 оны 1-дүгээр сарын 18-ны өдөр зөвлөмж гаргасан. Зөвлөмжид өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэхгүй байх талаар тусгасан. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр 45 хоногийн шатахууны нөөц бий гэсэн дүгнэлт гарсан учир борлуулалтын хувьд бэрхшээл гарахгүй юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл зөвлөмж гарснаас хойш шатахууны зохиомол хомсдол, ШТС-ын урт дараалал олон нийтийг бухимдуулж байна. Дийлэнх ШТС-д шатахууны борлуулалт хүнд байна. Иймээс МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Иймд зохиомол хомсдол үүсгээд байгаа аж ахуй нэгжүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох шаардлагыг тавьж байна" хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярив.
Гэвч өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар АИ-92, А-80 шатахууныг онцгой албан татвараас чөлөөлж, Дорноговь аймгийн Алтан ширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг гаргасан. Ингэснээр гадуур бий болоод байгаа шатахууны хомсдол арилж, үнэ хөөрөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн.

Европын "Хар жагсаалт"-аас гарах хүсэлтээ удаа дараа илэрхийлэв
Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргасан. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгов. Мөн уг "хар жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах Ажлын хэсгийн дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б. Мандахбилэг Берлин хотод томилолтоор ажиллаж, Холбооны сангийн яамны төв байранд Бундестагийн гишүүн, Холбооны Сангийн яамны Парламентын ТНБД. др. М. Майстертай ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын захидлыг гардуулж, “хар жагсаалт”-аас хасуулахаар манай Засгийн газраас санаачлан хийж буй ажлуудыг Холбооны Сангийн яам дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Монголчууд АНУ-д ажиллах боломж бүрдэв
АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо.
Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан болно.
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байгаа аж.
.jpg)
Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтэрлээ
Өнгөрсөн долоо хоногт хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтрэв. Мөн нутгийн баруун ба өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар зудтай болон цагаан зудархуу байгааг албаныхан мэдээлэв.
АН улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдэв
Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан нам “сүүдрийн” Засгийн газар байгуулж, тус нам яамдын чиг үүргийн дагуу ажиллах 16 Бодлогын зөвлөлийг байгуулж, дарга нарыг нь батламжилсан юм.
Мөн хоёрдугаар сарын 1 буюу ирэх пүрэв гарагт орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Тус нам болон УИХ дахь намын бүлгээс нь Ерөнхий сайдад хандан татварын нэмэгдлүүдийг цуцлах болон бусад асуудлаар шаардлага өгсөн ч хариу ирүүлээгүй тул ийм тэмцэлд хүрч байгаа хэмээсэн юм.