
Монгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 1-р сарын 28-нд буюу ням гарагт Бөхийн өргөөнд болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч найм давж түрүүлсэн бол Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат, улсын харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Зүүн, барууны магнай арслангууд хоёр болон тавын даваанд өвдөг шороодсон юм. Цолныхоо хүндэтгэлд харцага цолтон 10 бөх зодоглосноос ийнхүү гурав нь Их шөвөгт шалгарч амжилттай барилдсан байна.

Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглосон юм.