
Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх зорилгоор МУИС санаачлан ШУА-тай хамтран “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлгийг өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн шинэ номын сангийн байранд зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд Монгол улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай нийт 11 илтгэл хэлэлцүүлэгдэж, нэгдсэн шийдэлд хүрэхээс гадна цаашид сансрын технологийн хөгжилд түлхэц болохуйц бодлогын зөвлөмжийг гаргана.
ОБЕГ-ын одоогийн ашиглаж буй хиймэл дагуул нь 250 метрийн талбайд гарч буй гал түймрийг тогтоодог бол энэхүү микро хиймэл дагуулыг хөөргөснөөр таван метрийн талбайд нягтаршилтайгаар тогтоож мэдээлж, улмаар түймрийг газар авахаас хамгаалах гол ач холбогдолтойг дурдсан юм. Мөн уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөцийг тодорхойлох, гаруй сая малтай манай улсад бэлчээрийн нөөцийг тогтоох зэрэг өндөр ач холбогдолтойг мөн дурьдлаа. Энэ мэтчилэн өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам сийрэг оршдог манай орон хиймэл дагуулаар дамжуулж, улс эх орны аюулгүй байдлыг хянах зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
“Мазаалай” хиймэл дагуулын нийт өртөг 100 мянган ам.доллар байсан бол энэ удаа хийх микро хиймэл дагуул 2-3 сая ам.доллар болно гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргасан байна.
Тус хэлэлцүүлэгт Японы Хоккай, Тохокү зэрэг гурван их сургуулийн эрдэмтэн профессор, Монгол Улсаас ХХААХҮЯ,УУХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ зэрэг нийт долоон салбарын төлөөлөл оролцсон юм.