
ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчидтэй БНАСАУ- ын асуудлыг хэлэлцэхээр Өмнөд Солонгосын цөмийн асуудлаарх шинэ хэлэлцэгч Орост айлчилж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хойг дахь энхийн солилцооны штабын тэргүүн И До Хун Умард Солонгосыг тойрсон цөмийн асуудлыг шийдэх арга замыг хэлэлцэхээр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргуловтой уулзана гэж БНСУ-ын ГХЯ тодруулжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард албан тушаалдаа томилогдсоноосоо хойш анх удаа И До Хун ОХУ-д айлчилж буй бол И.Моргуловтой өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сөүлд уулзсан аж. Москвагийн айлчлалын дараа И До Хун АНУ-ын Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жозеф Юнтай Өмнөд Солонгосын нийслэлд хэлэлцээ хийхээр товложээ. Энэ сарын эхээр тэрбээр Японы ГХЯ-ны Ази, далайн газрын захирал Кэнзи Канасүгитэй уулзсан байна.
Дээр нэр дурдсан дипломатчид нь одоогоор зогссон байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээнд улсаа төлөөлөн оролцогчид юм.
АНУ, Орос, Хятад, БНАСАУ, Өмнөд Солонгос, Япон гэсэн зургаан улсын оролцоотой хэлэлцээ 2003 онд Бээжинд эхэлсэн боловч Умард Солонгосын цөмийн асуудалд шууд хамааралгүй сэдвээр талууд санал зөрөлдсөний улмаас 2009 онд зогссон билээ. Уг хэлэлцээг “үхсэн” хэмээн Пхеньян нэг бус удаа мэдэгдсэн бол бусад оролцогч улсын төлөөлөгчид хоёр болон олон талын уулзалтаа өнөө болтол хийсээр байна.
Үүний сацуу БНАСАУ өнгөрсөн болон энэ онд хийсэн цэргийн сургуулилалтынхаа цар хүрээг үлэмж багасгасан тухай “Tona ilbo” сонин мэдээллээ. Хэвлэлд мэдээлснээр 2016 онд тус улсын удирдагч Ким Жөн Ун өвөл болсон хэд хэдэн сургуулилалтыг, тухайлбал, Агаарын цэргийн хүчин, их бууны ангийн бэлтгэлийн явцыг биечлэн ажиглаж байжээ. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-д авсан хориг арга хэмжээгээ чангатгаснаас хойш Ким Жөн Ун сургуулилалтад бараг оролцоогүй гэнэ. Мөн сургуулилалтууд ердийнхөөс хожуу эхэлж, цар хүрээ нь урьдынхаас үлэмж багассан байна. Энэ нь БНАСАУ-д түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс багасахад хүргэсэн хориг арга хэмжээний үр нөлөө гэж шинжээчид үзжээ. Түүнчлэн ган гачиг, үерийн улмаас хүнсний бүтээгдэхүүн хомсодсон нь нөлөөлсөн байхыг үгүйсгээгүй байна. Гэхдээ хориг арга хэмжээ БНАСАУ-ын Зэвсэгт хүчний чадал ерөнхийдөө сулрахад, эсвэл Пхеньян цөмийн зэвсэг болон пуужингаа хөгжүүлэхэд саад болоогүй хэмээн дээрх сонинд тэмдэглэжээ.
Нөгөөтэйгүүр, БНАСАУ-ын пуужин болон цөмийн зэвсэгтэй гүрэн гэсэн статустайг харуулах ёстой цэргийн өргөн хэмжээний ёслолын жагсаалыг ирэх сарын 8-нд хийхээр тус улс бэлтгэж буй. Үүнийг Солонгосын Ардын арми байгуулагдсаны ойг тохиолдуулан зохион байгуулж байна.
Өмнөд Солонгосын мэдээлснээр одоо Пхеньян ойролцоох Мирин нисэх буудалд 13 мянган хүн, 200 орчим нэгж цэргийн техник жагсаалд бэлтгэж байгаа гэнэ. Сөүлийн тагнуулчдын мэдээлснээр жагсаалд оролцох хүний тоо 50 мянгад хүрч өсөх бололтой.