
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Засгийн газрын хурлын танхимд боллоо. Тус хурлаар НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Тэрбээр "2016 онд 497 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг олгож байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 654.168 иргэнд 78.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өнөөдрөөс Сангийн яам олгож эхэлж байна. Мөн цаашдаа НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш, улиралд нэг удаа олгож байхаар хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм" гэв.
Дашрамд сануулахад, 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2018 оны 1-р улиралд таны ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны дугаараар олгоно. Тэгвэл иргэд үүнээс өмнө ebarimt.mn сайт руу орж хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв хувийн мэдээллээ оруулж амжаагүй дутуу эсвэл үнэн зөвөөр бөглөөгүй тохиолдолд буцаан олголтыг шилжихгүй болохыг анхааруулж байна.