
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан медаль”-иар П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Лочин шагнууллаа. Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй, шинэ бүтээл зохион бүтээсэн хүнд олгодог юм байна. Ц.Лочин мэс заслын олон багаж зохион бүтээж, ашигтай загварын гэрчилгээ авсан Монгол Улсын шилдэг зохион бүтээгч. Тэрбээр 20 гаруй жил ерөнхий болон дурангийн мэс заслын багаж бүтээж, сайжруулан өөрчилжээ. Тухайлбал, дурангийн хагалгааны үед хэвлийн шархыг дээш татаж оёход хэрэглэх болон цөсний хүүдийн чулуу авах багаж зэргийг бүтээсэн гэнэ. Дээрх шагналыг манай улсаас 1986 оноос хойш өнөөг хүртэл инженер мэргэжилтэй 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь ийнхүү анагаах ухааны салбараас төрөн гарчээ.