
АН-аас өнгөрсөн сарын 10-нд татвар, агаарын бохирдлыг бууруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн гурван асуудлыг хөндсөн шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод ирүүлсэн. Тэгвэл уг шаардлагынхаа хариуг авахаар АН-ын гишүүд, дэмжигчид өнөөдөр улс, орон даяар тайван жагсаал хийж байна. Тэд МАН-ын сонгуулийн амлалт хэрэгжихгүй, иргэдийн нуруунд хүнд ачаа ирж буйг эсэргүүцэж байгаа юм. Үнийн өсөлт, татварын дарамт, утаа, хүнд суртал, хямрал гэсэн бичигтэй том ачаа үүрсэн залуус жагсаалыг ахалсаар баруун дөрвөн зам болон оюутны гудамжаас Сүхбаатарын талбай руу алхаж ирсэн билээ. Тэд -20 градусын хүйтнийг ажралгүй "Хонхны дуу"-г цуурайтуулж, Монголын төрийн далбаа болон Ардчилсан намын тугийг намируулсаар орж ирсэн юм. Энэхүү жагсаалд АН-тай хамтран МАХН, ИЗНН, Амлалт нэхэх ард түмний холбоо, Нийслэлийн хөгжил, Аюулгүй монгол хүн, Амьдралын зам, Толгойт гэрэлт амьдрал, Түмэн эхийн холбоо ТББ зэрэг нам, хөдөлгөөнүүд нэгдэн оролцож байгаа юм.
АН-ын дарга С.Эрдэнэ жагсаалыг нээж хэлсэн үгэндээ “Бид өнөөдөр эрх баригчдад тэвчээр хязгаартаа хүрсэн гэдгийг ойлгуулах гэж энэ талбайд цуглаад байна. Тэдэнд улс төрийн зорилго, өнцөг гэхээс илүү иргэд, аж ахуйн нэгжийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдүүлэх зорилго тавьсан. Гэвч тавьсан шаардлагыг авч хэлэлцэхгүй, түр зуурын аргацаасан шинжтэй хариу өгч байна. 2 жилийн өмнө өнөөгийн эрх баригчид хууран мэхлэх замаар Монголын төрийг гартаа авч, үүнийгээ алхам тутамдаа мэдрүүлж байна. Тухайлбал, тэд ямар ч шинэ төрлийн татвар бий болгохгүй, өрийг өрөөр дарахгүй, цалинг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан. Энэ бүх амлалтаа эсрэгээр нь хэрэгжүүлж үнэхээр их харамсаж байна. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Яг ийм цаг үед арга буюу АН бусад улс төрийн хүчнүүдтэй хамтарч өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулж байна.” гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Бид дөнгөж сая чуулганаас гарч ирж байна. Энэ үеэр зарим хүн “Яагаад заавал гудамжинд гарч цуглаад байгаа юм бэ” гэж асууж байна лээ. Тэгвэл энэ гудамжинд чинь бидний ард түмэн байгаа юм. Монголчуудын сэтгэл, итгэл монголын нийт нутаг дэвсгэрт байгаа юм гэдгийг эрх баригчид 2 жилийн хугацаанд ухаарч ойлгоогүй байна. Тэгвэл өнөөдөр монголчууд өөрийн эрхээр зовох уу, хүний эрхээр жаргах уу гэдэг сонголт дээр иржээ. 2012-2016 оны эдийн засгийн хамгийн хүнд хэцүү цагт монголчууд өөрийн эрхээр зовсон. Монгол төртэй, төгрөгтэй, монголчууд ажил хийж чаддаг гэдгийг харуулсан он жилүүд байсан гэдгийг өнөөдөр ч нүүр бардам хэлнэ. Гэвч одоогийн эрх баригчид энэ бүгдийг үгүйсгэж, өнгөрсөн 4 жилийг харлуулж, эдийн засгийн хүндрэлийг халхавч болгон хийсвэр улс төрийг бий болгож байгааг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Мөн эдийн засаг өсөж байгаа үед энэхүү өсөлт яагаад ард иргэдэд хүрэхгүй, эсрэгээрээ татвараар дарамтлаад байгааг асуух эрхтэй юм. Мөн яагаад гаднын банк, уул уурхайн компанийн заавраар монголчуудыг ядуу байлгах сонирхолтой байгааг асуух гэж энд цугласан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: 1990 онд бид энэхүү талбай дээр Ардчилал, шударга ёсыг ялуулж байсан бол өнөөдөр мөн ардчилалыг хамгаалж үлдэх сорилт дунд ирсэн байна. Эрх баригчид бидний амыг УИХ-ын чуулганы танхимд олонхийн хүчээр таглалаа. Гэхдээ бид ард түмэндээ үгээ хэлж, тэдний булхайг илчилж чадна. Ардчилал аюулд учраад байгааг хүн бүр ухаарах цаг болсон. 60 тэрбумаар бүрдсэн 65 суудал Монголын ардчиллыг булшлах, Монголыг үүрд өөрийнхөө эрх мэдэлд байлгахыг зорилго болгожээ. Ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганыг хааж, ард түмэнээсээ эрхийг булааж, Төрийн эргэлт хийхээр шийдсэн байна. Ирэх чуулганаар Үндсэн хуульд халдаж, Ерөнхийлөгчөө сонгосон ард түмний сонголтод өс хонзон санах, Монголчуудын эрх, эрх чөлөөг булааж, үүрд өөрсдийнхөө ноёрхол, дарангуйллыг бий болгохыг оролдож байна. Иймд Монголын ард түмэн сэрэх цаг болжээ.
Ийнхүү цуглаан зохион байгуулагчид үг хэлсний дараа намын гишүүд, дэмжигчид Сүхбаатарын талбайг нар зөв тойрч, Төрийн ордонд суугаа эрх баригчдаас ажлаа хийж, амлалтаа биелүүлэхийг шаардсан юм.
Харин жагсаалд оролцож буй иргэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллаж, амьдрах боломж алга. Төр биднийг хүн ч гэж тоохгүй байна. Жил бүр л хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хууль эрх зүйн бодлогыг сайжруулна гэлцдэг. Гэвч бодит амьдрал хэрэгжиж байгаа зүйл ганц ч алга", "Иргэд бид гар дээрээ бэлэн мөнгөгүй боллоо. Бидний амыг хаах зорилгоор жилдээ хэдхэн удаа тэтгэмж, урамшуулал нэрээр мөнгө өгөхийг эсэргүүцэж байна. Бид яс горьдсон нохой биш. Хэдхэн удаадаа хаячих "шүлс" биш байнгын орлого, цалин, ажлын байр хэрэгтэй байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.