
Баримт 1. 2017.12.30. BMML компанийнхан журмын хашаандаа байсан автомашиныг тонов.
Баримт 2. Иргэн С “ Би өнгөрсөн сарын 14-нд автомашинаа Хан-Уул дүүргийн III хорооны өрхийн эмнэлгийн үүднээс ачуулсан. Эхнэртээ тусалж, өвчтэй нярай хүүхдээ эмнэлэг рүү оруулж өгчихөөд гараад ирэх хооронд машиныг минь ачаад хөдөлж байсан. Араас нь хашхирсан ч зогсоогүй. Ачилтын компаниуд ямарч ачаалалгүй өрхийн эмнэлгийн гаднаас хүртэл зөвшөөрөлгүйгээр ачиж байна. Ийм зүйл байж болдог юм уу”
Баримт 3. Иргэн Б “Би өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Хүүхдийн зуугийн ХААН банкны гаднаас машинаа ачуулсан. Гэтэл ачилтын компани нь миний машиныг хаашаа ачиж явснаа 1800-1200 утсанд хэлээгүй байсан. Би бүх ачилтын компани руу залгаж машинаа асуусан. Ийм хариуцлагагүй байж болох уу”
Баримт 4. 2018.1.23. “Авто гранд мастер” компанийн журмын хашаан дахь машинд хүн амиа алдав.
Баримт 5. Иргэн Б “Өнөөдөр (өчигдөр) би III, IV хорооллын орчимд явж байтал машины шатахуун дуусчихсан. Машинаа түр харж байхыг нэг хүнээс гуйгаад, ШТС явчихаад иртэл миний машиныг ачиж байсан. Учир байдлаа тайлбарлаад, машинаа авъя гэхэд ачилтын компанийн жолооч “Замаас холдуулаад буулгаад өгье, миний машинд суучих” гэсэн. Тэгээд машинд нь суутал зогсолгүй явсаар журмын хашаанд очсон. Ингээд торгуулийн мөнгөө төлөхийг шаардсан”
Эдгээр баримт бол машин ачих үйлчилгээ эрхэлдэг компаниудтай холбоотой гомдол, мэдээллийн цөөн жишээ. Ийм гомдол өдөрт хэдэн арваараа ирдэг талаар Замын цагдаагийн алба (ЗЦА)-ныхан хэлсэн. Тус албанд ирүүлсэн гомдол мэдээллийн 80 хувь нь машин ачилтын компаниудын ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой байдаг юм билээ.
ШШҮХ-ГИЙН ДҮГНЭЛТ ГАРСНЫ ДАРАА ШИЙДНЭ ГЭВ
Хэдийгээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг журамлаж буй ч эд хөрөнгийг нь анхаарахгүй орхих ёсгүй. Тийм ч учраас машин ачих компаниудын журмын хашааг стандартад нийцүүлсэн камер, гэрэлтүүлэг, зогсоолтой байхыг шаарддаг. Харамсалтай нь, стандартад нийцсэн журмын хашаатай байгууллага өдгөө бараг алга. Иргэдийн гомдлыг хамгийн цөөн сонсдог, гэрэлтүүлэг, камержуулалт хамгийн сайтай, орлого, зарлагаа бодитоор нь мэдүүлдэг нь “Авто гранд мастер” компани хэмээн дарга нар ярьдаг. Гэвч өнгөрсөн сарын 23-нд уг компанийн хашаанд байсан машин дотор хүн нас барсан. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр талийгаач өнгөрсөн оны аравдугаар сард согтуугаар жолоо барьж яваад машинаа ачуулжээ. Өнгөрсөн сарын 22-нд тухайн журмын хашаанд очиж буй машиндаа орж байгаа нь камерт бичигдэж үлдсэн аж. Хэрэв журмын хашааны харуул хариуцлагатай байж, түүнийг оруулаагүй, эсвэл машиндаа юу хийж байсныг нь шалгасан бол ийм хэрэг гарахгүй байв. Компаниудын журмын хашаа эзэнгүй шахам байдаг, дурын хүн тийш орж, бусдын эд хөрөнгөд халдаж болзошгүйг энэ явдал батлав. Анхан шатны дүгнэлтээр иргэн Г-г угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй хэмээж буй гэнэ. ШШҮХ-гийн дүгнэлт гарсны дараа “Авто гранд мастер” компанийн эрхийг цуцлах, эсэхийг шийднэ гэдгийг холбогдох албаныхан хэллээ.
ИРГЭНИЙ АВТОМАШИНЫГ ТОНОСОН ВММL КОМПАНИЙН ЭРХИЙГ ЦУЦАЛЖЭЭ
Татвараа бодитоор төлдөггүй, дураараа авирлан, иргэдийн эд хөрөнгийг эвдэж, сүйтгэдэг зэрэг зөрчил машин ачилтын компаниудаас салдаггүй. Хамгийн сүүлд л гэхэд BMML компанийнхан журамласан автомашиныхаа эд ангийг нь тонож, шуугиан тарив. Тухайн компанийнхан иргэний гомдлыг шийдвэрлэх нь бүү хэл элдвээр харааж, хохирлыг нь барагдуулахаас татгалзсан гэнэ.
Тус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхны хэлж буйгаар BMML компанийн машин ачиж, журамлах эрхийг нь цуцалсан аж. “Цагдаагийн байгууллага иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн юм билээ. Компанийн ажилчид хулгай хийсэн нь тогтоогдсон хэрэг. Тиймээс эрхийг нь цуцалсан” хэмээн шалтгаанаа тайлбарласан юм. Мөн өөр нэгэн компанийн гэрээг ч цуцлах тухай хэлэлцэж буй гэсэн. Гэвч тухайн компани нэрээ өөрчлөөд, дахиад л ажиллагаагаа явуулахыг үгүйсгэх аргагүй. Үүнтэй ижил зөрчил гаргаад, эрхээ хасуулсан ч өөр нэрээр машин ачих үйлчилгээний эрх авсан байгууллага цөөнгүйг эх сурвалжууд хэлсэн. Учир нь үүнийг хянадаг байгууллага байхгүй аж.
Машин ачилтын гэх тодотголтой, бүдүүн зүрх, бусармаг үйлдэл гаргагчдыг цэгцэлж, хянахгүй бол энэ мэт харамсалт хэрэг, ноцтой зөрчил цаашид гарсаар байх нь дамжиггүй. Холбогдох албаныхан “Алдааг нь залруулж, сайжруулна” хэмээж буй ч хэзээ ажил хэрэг болгох нь тодорхойгүй. Төлбөрийн систем цахимд шилжсэн өнөө үед ачилтын үйлчилгээг зогсоохгүй гэдэгтээ бат зогсож, зогсоолын төлбөр ногдуулахыг үл ойшоосоор. Иргэдийг бухимдуулан байж хувийн компаниудын халаасыг зузаатгах ашиг, сонирхол хэнд байна вэ.